
Дан Коловын нэрэмжит олон улсын чөлөөт бөхийн тэмцээн Болгарын Русе хотын “Bulstrad Sport Hall” ордонд үргэлжилж байна.
55 дахь удаагийн тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 59, 71, 80, 98, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97, эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан болсон юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай констракшн"ХХК, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медаль хүртэн Монгол Улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дуулалыг эгшиглүүлэв.
Тэрбээр эхний даваанд 2013 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Ираны Хейролла Гахраманиг, 1/4-гийн шигшээд Италийн Гиви Давидовиг, хагас шигшээд Испанийн Леван Метревелиг тус бүр 10:0-ээр буюу онооны илт давуугаар цэвэр ялсан.
Алтан медалийн төлөөх барилдаанд Дан Коловт өмнө нь нэг үзүүрлэж, дөрвөн удаа хүрэл медаль хүртэж байсан Румыний хашир туршлагатай бөх Андрей Дубовыг 9:4-өөр буулган авсан юм.
Э.Бэхбаяр шигшээ барилдаанд эхлээд бүхэл дөрвөн оноо алдсан ч цаг дуустал ажилласаар дараалан есөн оноо авч, ялалтыг өөрийн болгосон юм.
Нийт дөрвөн барилдаанд техникийн 39 оноо авч, дөрвөн оноо алдсан үзүүлэлттэй байна. Тэрбээр Дан Коловт түрүүлсэн Монголын ес дэх бөх боллоо. Түүнээс өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдов, Х.Баянмөнх, гавьяат тамирчин Ц.Нацагдорж, А.Энхээ, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, Ц.Энхжаргал, О.Бурмаа нар аваргалж байв.
Ингэснээр Э.Бэхбаяр А.Энхээ багшийнхаа амжилтыг давтаж, алтан медаль хүртлээ.
Э.Бэхбаяр А.Энхээ багшийнхаа амжилтыг давтаж, алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1566 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.