
Озэки Котоошюү шинэ дэвжээнийхээ нээлтийг өнгөрсөн долоо хоногт хийжээ. Ояката Наруто гэх шинэ нэртэй болсон тэрбээр сүмогийн түүхэн дэх анхны Европ гаралтай дэвжээний багш болж байгаа юм.
Өдгөө 34 настай болгар сүмоч Токио хотын Сүмида дүүрэгт талбай түрээслэн, шинэ дэвжээгээ нээсэн байна. Хоёр жилийн дараа гэхэд ойр хавьдаа дэвжээндээ зориулан барилга барихаар төлөвлөж байгаа гэнэ. Шинэ багш одоогоор гурван шавьтай аж.
Котокобаяаши нь жониданд зиндаанд, Котохамма нь өнгөрсөн гуравдугаар сард шинэ бөхчүүдийн чансаа тогтоох маэзүмод орсон байна. Харин Болгарын чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга, 20 настай Венцислав Николов Кацаров өнгөрсөн жил мэргэжлийн сүмод барилдахаар Японд очжээ. Венцислав нь 195 см, 133 кг жинтэй гэнэ.
Дэвжээний нээлтийн үеэр Котоошюү “Миний амжилтыг давж гарах сайн сүмоч төрүүлэхийг хүсч байна. Надад сурч мэдсэн, биеэрээ туулж өнгөрүүлсэн туршлага арвин. Зүрх сэтгэлээ дайчлан шавь нараа сүмод бэлтгэх болно” гэв. Нээлтийн ёслолд 100 гаруй хүн оролцсон байна.
2014 оны гуравдугаар сард зодог тайлснаас хойш Котоошюү Садогатакэ дэвжээнд Наруто гэх нэрээр багшилж байв. Тэрбээр 2008 оны тавдугаар сарын башёд макүүчи зиндаанд нэг удаа түрүүлсэн бөгөөд озэки цолтой нийт 47 башёд барилджээ.
Японы сүмогийн холбооны дүрмээр гадаад бөхчүүдэд ояката буюу багшлах эрх олгодоггүй учир экс-озэки Котоошюү 2014 онд Японы иргэн болсон байна.
Котоошюү дэвжээнийхээ нээлтийг хийлээ | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.