Шууд Chart

Зүс

2017-05-25 15:28:42

Энхмаа өөрийгөө хэсэг зуур толинд харснаа "Хн яг л ээж шиг үрчгэр шар авгай боллоо шүү" хэмээн урамгүйхэн өгүүлсээр толиноос холдлоо. Тэр өглөө бүр толинд харахдаа ийн бодох бөгөөд бага залуу царайлаг, нуруулаг хүүхнүүдэд атаархаж, эрчүүд зөвхөн сайхан хүүхэнд л талтай байдагт гоморхож, энэ бүхэнд ээжийгээ буруутгаж байсан удаатай. Ээжтэйгээ үйлийн үргүй адилхан төрсөн бүсгүй "Аавыг яагаад дуурайгаагүй юм" бол гэж бодохоор хэн нэгэнд дандаа гомдоно.

Тэр гомдлын эзэн нь мэдээж ээж болж хувирна. Саяхан л дуу шуу болон зүггүйтэж байсан охин нь гэнэт чимээгүй болчихсныг анзаарсан бүсгүй унтлагынхаа өрөө рүү шагайж хараад яахаа мэдэхээ болин хөшчихөв. Охин нь толины өмнө өндөр сандал дээр гараад зогсчихсон эгээ л ээж шигээ нүүрээ янз бүр болгон үрчилзүүлж, "Царай муутай гэдэг нь. Яг л ээж шиг. Нүд гэхээр олигтой юм байхгүй шүү. Удахгүй ээж шиг үрчгэр авгай боллоо л доо" хэмээн намжирдаж байлаа.

Энхмаа юу ч хэлж чадсангүй. Хоолой дээр нь бөөн юм тээглэх шиг болсноо нүдийг нь нулимс бүрхээд ирэхэд тэрбээр "Үгүй ердөө тэгвэл чи тогос шиг ганган ээжтэй болохгүй юу" гэж хүйтнээр хэлчихээд гал тогооныхоо өрөөнд орлоо. Чимээтэй нь аргагүй ус гоожуулан, аяга тавгаа харшуулан угааж байснаа "Иш гуч гарчихсан би л ухаан суухгүй муу ээжийнхээ үс зүсийг голж суухад гуравхан настай балчир амьтан юугаа мэдэх вэ дээ" хэмээн сэтгэлээ тайтгарууллаа. "Хөөрхий муу ээждээ ойрд очсонгүй. Өнөөдөр, яг одоо л очъё. Намайг очихоор тогоо шанага нийлүүлж, хоол цай болоод л хөл алдаад эхэлнэ" хэмээн бодоход жилээс жилд л жижигхэн болж байгаа муу ээж нь өмгөр жаахан гэртээ ганцаараа л галынхаа дэргэд бүртийж суудаг нь санаанд орж, хам хувцсаа өмсөөд яаран гарлаа.

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Зүс  
Үзсэн: 4647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mgl [202.21.100.xxx] 2017-05-26 08:13
Очих л ёстой, заавал

Бидэнтэй нэгдээрэй