
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат сонгогдлоо.
Тус холбооны тэргүүнээр Р.Нямдорж 1998 оноос хойш ажилласан бөгөөд нэлээн хэл ам, дуулиан шуугиантайгаар энэхүү албанаасаа бууж байна.
Учир нь Үндэсний бөхийн холбооны дүрмэнд их хурлаа таван жилд нэг удаа хийх ёстой хэмээн заасан байдаг бөгөөд Р.Нямдоржийг хурлаа хийхгүй байна хэмээн бөхчүүд гомдол гаргаад байсан юм.
Жишээлбэл, түүний 2011 онд зохион байгуулсан "Их эе" VI хурлыг Монгол Улсын заан Д.Амгаа, Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн тэргүүтэн “Хууль бус, дүрэм журмаа зөрчсөн" гэж тухайн үед Баянзүрх дүүргийн шүүхэд хандаж байв.
Хурлыг хууль бус хэмээн эсэргүүцсэн тэдгээр бөхчүүд Бөхийн өргөөний дөрвөн талаас нохойтой дайрч, Р.Нямдоржийн өрөөг эвдэн орж тамгыг нь авч байсан гээд нэлээд шуугиан тарьсан байдаг.
Энэ хэргийг дүүргийн шүүх, Нийслэлийн шүүхээс авч хэлэлцээд "VI Их эе" дүрмээ зөрчсөн, хууль бус болжээ" гэж тогтоон тус хурлаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгож байв.
Гэвч тус холбоог Р.Нямдорж тэргүүлсээр байсан бөгөөд түүнийг олон жил өөрийгөө энэхүү холбооны тэргүүнээр хууль бусаар улираан сонгож байсан гэж бөхчүүд буруутгадаг.
Ер нь энэ холбоо хуралдах бүртээ тэргүүнээ сонгож чадалгүй хоорондоо маргалдсаар байгаад тардаг нь Үндэснхий бөхийн холбооны хөгжлийг нэлээд хойш татсан.
Өнгөрөгч оноос “Их эе”-ийг хуралдуулах тухай яригдаж тэргүүний сэнтийд “Гацуурт” ХХК-ийн ерөний захирал Л.Чинбат, “UFC” группын ерөнхийлөгч, “Булган хангайн хүчтэнүүд” дэвжээний тэргүүлэгч О.Амартүвшин нарын нэр дуулдаж байсан. Гэвч тэргүүний суудлын төлөө Л.Чинбатаас гадна дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, “Иргэнээ сонсох 1111 төв” ТББ-ын тэргүүн М.Хүдэрбаатар нар нэрээ дэвшүүлсэн бөгөөд эцсийн мөчид нэрээ татжээ.
МҮБХ-ны тэргүүнээр “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат сонгогдлоо | ||
Үзсэн: 2557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.