Шууд Chart

Тэд сонгон шалгаруулалтад амжилттай оролцвол шигшээ багт эргэн ирнэ

2017-06-05 09:58:47

Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 10,11-нд болох насанд хүрэгчдийн ДАШТ-нд хүч үзэх тамирчдыг сонгон шалгаруулах хамгийн чухал тэмцээндээ оролцоно.

Гэвч өнгөрсөн долоо хоногт  ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Б.Номин, Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нарыг үндэсний шигшээ багаас чөлөөлсөн явдал тул тэднийг энэ удаагийн тэмцээнд оролцохгүй байх вий гэсэн асуулт гарч байна.

Ямарсайндаа “Рио-2016” олимпийн цикльд чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийг ахалж явсан Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр дээрх дөрвөн тамирчныг шигшээ багаас хасагдсаны дараа “Би хамгийн хайртай бөхөөсөө явлаа. Ядарсан айлын, амьдарч ядаж байгаа хэдэн шавь нарыг минь битгий оролдооч, гуйж байна” гэсэн сэтгэгдлийг олон нийтийн сүлжээнд бичжээ.

Иймд Үндэсний шигшээ багийн албаны дарга Э.Билэгтээс тодруулахад “Өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх нэгдсэн цугларалтад хамрагдах ёстой байсан. Гэтэл энэ бэлтгэлд зарим тамирчид хамрагдаагүй, өөрсдийн багш нартай, үндсэн клүбтээ бэлтгэл хийсэн тул Шигшээ багийн журмыг үндэслэн, Монголын чөлөөт бөхийн холбоотой зөвшилцөж, тамирчдыг чөлөөлсөн. Гэхдээ тэднийг шигшээ багт эргүүлж авах боломж бий. Дэлхийн аваргын сорил тэмцээнд амжилттай оролцвол Чөлөөт бөхийн холбоо болон Шигшээ багийн алба тамирчидтай зөвшилцсөний үндсэн дээр шигшээ багт авах талаар шийдвэр гаргана” гэв.

ДАШТ ирэх наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парис хотноо болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэд сонгон шалгаруулалтад амжилттай оролцвол шигшээ багт эргэн ирнэ  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй