Шууд Chart

Тайхо аварга анх Иван Борышко гэдэг нэртэй байжээ

2017-06-07 14:46:17

Японы мэргэжлийн сүмогийн домогт их аварга Тайхо Кокигийн тухай товч өгүүлье. Монголчууд бид энэхүү домогт бөхийг мэргэжлийн сүмогийн дэвжээ дээр 32 түрүүлсэн, Хакүхо тэрхүү амжилтыг нь эвдсэн гэдгээс өөрийг нэг их мэддэггүй.

Харин Оросууд тун сайн мэддэг нь түүний удам угсаатай холбоотой аж. Түүний эцэг нь Полтавын губернээс гаралтай бөгөөд ирээдүйн их аварга төрөхдөө Иван Борышко хэмээх нэртэй байжээ. 2011 онд Тайхог 71 настай байхад нь Украин улс түүнд хүндэтгэл үзүүлж, “Гавьяаны төлөө” III зэргийн одонгоор шагнасан гэдэг.

Ирээдүйн их аваргын эцэг Маркиан Борышкогийн гэр бүл XIX зууны эцсээр Сахалинд ирж суурьшчээ. Тэрбээр залуудаа контрбанд /хориотой наймаа/ хийдэг байж. Тухайн үед аралд Япончууд, Оросууд холилдон амьдардаг байсан аж. Харин 1925 онд арлыг ЗХУ эзэмшилдээ авахад Маркиан Япончуудтай хамт өмнөд Сахалинд очиж суурьшчээ.

Сикука /одоогийн Поронайск/ хотноо тэрбээр Япон бүсгүй Киэ Наятай гэрлэсэн байна. Эхнэр нь түүнд гурван хүү, нэг охин түрүүлж өгсний хамгийн бага нь 1940 онд төрсөн Тайхо аварга юм. Эцэг нь тэр үед 55 настай байжээ. Тэрээр отгон хүүдээ Иван хэмээх нэр хайрласан бөгөөд Япончуудын дунд амьдарч байсан тул “Аз жаргал, баяр баясгалан” гэсэн утгатай Коки хэмээх Япон нэрийг мөн өгчээ.

1945 онд ЗХУ-ын цэрэг Өмнөд Сахалинд орж ирэхэд эцэг нь тэнд үлдэж, Япон хэлний орчуулагч хийх болсон байна. Харин эхнэр хүүхдүүдээ Хоккайдо арал руу нүүлгэн шилжүүлэгджээ. Иван Борышко тэнд сүмогоор хичээллэж, Тайхо /цагаан галт шувуу/ хэмээх нэрээр барилдаж эхэлсэн түүхтэй.

Ёкозүна гэдэг нь сүмогийн хамгийн дээд цол. Тэмцээнд хоёр дараалан түрүүлсэн бөхөд уг цолыг хүртээдэг билээ. Мэргэжлийн сүмогийн анхны аварга Акаши Шиганосүкэ XVII зуунд амьдарч байсан бол Тайхо 48 дахь аварга юм.

Тайхо 1960 онд дээд зиндаанд дэвшжээ. Тэр жил эцэг нь өмнөд Сахалинд нас нөгчсөн ч сэтгэлээр унаж спортын амьдралаа цалгардуулсангүй, есдүгээр сард эзэн хханы цомыг анх удаа хүрттжээ.

Харин дараа жил нь тэрбээр их аварга болж, энэ цолд хүрсэн хамгийн залуу бөхөөр тодорсон юм. Үүнээс хойш тэрбээр 32 удаа түрүүлж, домогт бөх гэгдэх болсон билээ.

Ид үед нь түүнд өрсөлдөгч байсангүй. Кашивадо хэмээх их аварга энэ үед мэндэлсэн ч Тайход даруулсаар ердөө тавхан удаа түрүүлж байжээ. Тэд дэвжээн дээр өрсөлдөгчид ч гэлээ амьдрал дээр дотно нөхөд байсан гэдэг.

Тайхо аварга анх 1977 онд инсульт болж байжээ. Түүнээс хойш энэ өвчин түүнийг байнга зовоосоор их аварга 2013 онд тэнгэрт хальсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тайхо аварга анх Иван Борышко гэдэг нэртэй байжээ  
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй