Шууд Chart

Тэдний барилдаан бүр гоё болно

2017-06-09 17:31:37

Чөлөөт бөхийн ДАШТ-ий сорил тэмцээн маргааш, нөгөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Тус тэмцээнд хамгийн өрсөлдөөнтэй болох дараах барилдааныг бөх сонирхогчид ам уралдан ярьж байна. Иймд уншигч танаа сонирхуулья.

  1. С.Батцэцэг-П.Орхон

 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, Олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, ОУХМ Пүрэвдоржийн Орхон нарын барилдаан бөх сонирхогчдын анхаарлын төвд байгаа. Тэд 2017 он гарсанаас хойш хоёр удаа учраа таараад буй. Эхлээд улсын аваргын финалд барилдахад П.Орхон эхнээсээ оноог “машиндсаар” цэвэр ялсан. Дараа нь “Mongolia Open” тэмцээний аваргын төлөө барилдахад мөн л Орхон ялсан юм. Сорил тэмцээнд чансааг тэргүүлсэн П.Орхон шууд халз барилдаанд орно. Харин С.Батцэцэг аварга тойргийн барилдаанд эхэлж хүч үзнэ. Хашир аварга тойргийн барилдааныг төвөггүй давах биз. Харин халз барилдаанд дараалан ялагдаад буй П.Орхон дүүгээ хэрхэн ялах вэ гэдэг нь том асуулт болж байна. Гол төлөв бярдаж барилддаг Орхон том аваргыг өвдөг шороодуулан, ДАШТ-ий утааг анх удаа  үнэрлэх зорилготой байгаа биз ээ. Хоёр шилдгийн барилдаанд үнэхээр ширүүн болно.

2.Э.Бэхбаяр-З.Занабазар

УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Занданбудын Занабазар өнгөрсөн сард Азийн дэвжээнд очин үзүүрлээд ирсэн. Тэрбээр ийнхүү жиндээ чансааг өнгөлөн сорил тэмцээний тойргийн барилдааныг өнжихөөр боллоо. УАШТ-ийг өнжсөн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр сорил тэмцээндээ тун сайн бэлдэж байгаа нь гарцаагүй. Түүний эзгүйд улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртсэн С.Батболд одоо л жинхэнэ “шалгалтаа” өгнө дөө. Тойргийн барилдаанд хоёр бөх учраа таарна. Хэн бэлтгэл сайтай, хэн мэдрэмжтэй, хэн хүчтэй байгаа нь ялна. Бөмбөрцгийн бөх болсон Э.Бэхбаяр ялах магадлал яламгүй өндөр. Бэхээ тойргоос шалгарч чадвал Занабазар дүүгээ шалгана даа. Э.Бэхбаяр гавьяат дэлхийн аваргыг зорьж, хоёр дахь медалиа хүртэх үү? З.Занабазар ДАШТ-ий дэвжээнд анх удаа зодоглох уу гэдэг асуултын хариултыг авахыг хүсвэл сорил тэмцээнийг үзээрэй.

3.Н.Лхамгармаа-Б.Батмагнай-Б.Номин

Г.Манадахнаран гавьяат жин өгсөж, 70 кг-д зодоглож буй. Энэ жинд сүүлийн гурван ДАШТ, олимпийн наадамд медалийн төлөө барилдсан Г.Мандахнаран ахыгаа орлон дэлхийн аваргад очих хариуцлагатай үүргийг Н.Лхамгармаа, Б.Батмагнай, Б.Номин нарын хэн нь авах вэ. Н.Лхамгармаа улсын аваргад торолгүй түрүүлсэн. Түүний хувьд жингийнхээ чансааг тэргүүлж байгаа. Тиймээс тойргийн барилдааныг өнжинө. Харин Б.Батмагнай, Б.Номин нарын гал гарсан барилдаанаас Н.Лхамгармаатай ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх хүчтэн тодорно. 65 кг-д энэ гуравн бөхийн дунд л дэлхийн аваргын эрхийн төлөөх гол өрсөлдөөн өрнөх юм. Б.Номингийн хувьд доод жиндээ ДАШТ-д финалдаж үзсэн бөх. Одоо бэлтгэлээ хэр хангаж, дээд жиндээ хэр дасаж байгаагаа харуулан бөхөд хайртай ард түмнээрээ дүнгээ тавиулна шүү дээ. Н.Лхамгармаа, Б.Батмагнай хоёрын хувьд олон жил Г.Мандахнаран ахынхаа бэлтгэл хангагч хийсэн тул бөмбөрцгийн хүчтэнээс юу сурч үлдсэнээ харуулах юм.

4.П.Өнөрбат-О.Үйтүмэн

ДАШТ-ий мөнгөн медальт Пүрэвжавын Өнөрбат, ОУХМ Оргодолын Үйтүмэн нар ДАШТ-ий эрхийн төлөө барилдах болов уу. Өнөрөө гавьяат жингээ тэргүүлсэн учир шууд халз барилдаанд зодоглоно. Харин О.Үйтүмэн тойргийн барилдаанд босоо байж чадвал, түүнтэй барилдах юм. Энэ жинд сүүлийн хэдэн жил тогтмол амжилттай барилдаж буй О.Үйтүмэн залуучуудаа төвөггүйхэн ялаад гарах биз ээ. Гол барилдаанд П.Өнөрбатын эсрэг хэрхэн барилдах нь тун сонирхолтой. Хоёр бөх энэ онд хоёр удаа хүч үзэж, бие биенээ нэг, нэг ялаад байгаа. Хайнаа хагалж, ДАШТ-ий эрхээ ана.

5.О.Насанбурмаа-Ш.Түмэнцэцэг

Эмэгтэйчүүдийн 69 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нар гол барилдааныг хийх магадлал өндөр. Тэд 2017 онд нийт хоёр удаа таарч, нэг, нэг ялаад буй. Хамгийн сүүлд “Mongolia Open”-д учраа таарч, Ш.Түмэнцэцэг ялсан билээ. Насанбурмаа гавьяат тойргийн барилдаан хийнэ. Харин Ш.Түмэнцэцэг жингээ манлайлсан учир шууд ДАШТ-ий эрхийн төлөө ганц “тулаан” хийх юм.

Энэ таван барилдаанаас гадна эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, Гавьяат тамирчин Э.Ням-очир, ОУХМ Б.Нэмэхбаяр, өдрөөс өдөрт учр чадвар өсөж яваа Т.Тулга нарын өрсөлдөөн анхаарлын төвд байна. Улсын аваргаар Тулга шуугиан тарьж, Түвшинтулгыг 6:0-ээр хожсон удаатай. Энэ жинд Түвшинтулга тойргийн барилдааныг өнжиж буй.

Мөн 97 кг-д Ө.Батзул, М.Билгүүтэй, Л.Төртогтох, П.Өсөхбаатар нар гал гарсан барилдаан үзүүлэх болно. Ө.Батзул жингээ чансааг тэргүүлсэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэдний барилдаан бүр гоё болно  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй