
Гучаадхан насандаа анхны ардчилсан сонгуулиар АИХ-ын депутат, хожим нь аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр завсарлалгүй 3 удаа, хоршооны даргаар тасралтгүй 20 жил, сумынхаа малын их эмчээр 12 жил, үгийн шидийг үзгээр урлах үйлсийг насаараа тэрлэж яваа Монгол Улсын Гавьяат эдийн засагч Балсангийн Авирмэдийн гэр бүлийг “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгийнхээ 80 дахь дугаарт урилаа. Гэрийн эзэн малын их эмч, нягтлан бодогч мэргэжилтэйн дээр морь уях, шүлэг бичих, ном бүтээх... гээд тал талын авьяас билэгтэн. Харин гэргий Готовын Энхтуяа нь эх баригч, бага эмчийн мэргэжилтэй, эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллажээ. Гурван хүү төрүүлж, “дархан бэр” хэмээн ахан дүүстээ хүндлүүлж яваа гэргий нь сэтгэл түвшин, үйлс даруу амьдарч явна. “Гэр бүл байна гэдэг түмэн янзын шалгуур давахын ухаан юм. Давах тусмаа амьдралд хөлөө олдог...” хэмээн аж амьдралынхаа ухаарлаас хуваалцсан зочдын маань сэтгэлийн ертөнцөөр хамтдаа аялцгаая...
-Нутаг ус, ижий аавыгаа дурсахгүйгээр бид амьдралын үнэ цэнийг мэдрэхгүй. Тэгэхээр зочдынхоо төрж өссөн нутаг ус, аав ээжийн тухай асуултаар ярилцлагаа эхлүүлье?
Б.Авирмэд: -Би Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул хүн. Малчин ардын гэр бүлд төрсөн. Миний аав Цэдэвийн Балсан хэзээнээсээ хөдөлмөрч хүн байлаа. Нэгдлийн манаачаар 10-аад жил ажилласан. Би чинь уг нь эхээсээ 10-уулаа. Надаас дээш дөрөв, доош нэг эндсэн болохоор ч тэр үү, аав ээж минь бид тавыг их хайрладаг, барааддаг байлаа. Аавын цалин бага, амьдралд хүрэлцдэггүй учраас бага сургуулийн сурагч байхдаа тоосго цохиж, эгчтэйгээ нийлээд нэг зун 17 тонн давс гаргаж байсан санагдана. Тухайн үед ахадсан хүчир ажил байсан ч, амьдралдаа нэмэр болж байгаадаа урам зоригтой байсныгаа мартдаггүй юм. Харин ээж минь юмхнаар юм хийдэг, амь зуух гэж байхгүй шахуу юмыг бий болгоод байдаг хүн байсан даа. Цагаан идээ нь амттай гэж жигтэйхэн, шар тос орхисон цайны нь амтыг зочин гийчин ихээхэн магтдаг байсан. Одоо ч гэсэн тэнгэр зэвэргэн өдөр ижийн минь будаатай цайны амт бодогддог. Юманд чин шударга, голчтой байхыг аав ээж минь бидэнд сургасан.
Г.Энхтуяа: -Миний аавыг Моломын Готов, ээжийг минь Довдонгийн Бааран гэдэг. Аав минь Говь-Алтай аймгийн Тонхил сумынх, ээж Халиун сумын уугуул. Би ах дүү 9-үүлээ, дээрээсээ гурав дахь нь. Ээж минь их уран, харин аав төрийн ажил залгуулаад гэртээ байх нь ховор. Ээж минь л ар талаа их даадаг. Бие биетэйгээ эвтэй байх, нэг нэгэндээ тус болох, садан төрөлдөө энэрэлтэй байхыг их захидаг байсан даа, тэд маань.
-Гал голомтоо бадрааж байсан он цаг мартагдашгүй, улам л тодорч байдаг нандин дурсамж шүү дээ?
Б.Авирмэд: -Бид хоёр чинь нэг нутаг хэрнээ сургууль соёлын мөр хөөгөөд тааралдахгүй зөрөлдсөөр, их сургуулиа төгссөн хойно амралтаараа таарч, тэгээд нэг их удалгүй 1984 онд айл болж байлаа. Бидний амьдрал аав ээжийн барьж өгсөн таван ханатай гэрээс л эхэлсэн. Тэр үед манай нутагт телевизийн антен тавигдаад, “рекорд-345” гэдэг телевизор, приставк гээд дөрвөлжин тог өсгөдөг юмтай нь 1300 төгрөгөөр худалдаж авч байлаа. Жилийн дараа бид хоёр 24 цагийн тоггүй мөртлөө “Зил” хөргөгч авчихлаа. Амьдралаа авч явж чадаж байгаагаа аав ээждээ харуулж байгаа юм байгаа биз, нөгөө талдаа тэрүүндээ сэтгэл ханаад урам зориг нэмнэ гэж жигтэйхэн. Хамтын амьдралынхаа хөдөлмөрийн үр шимээрээ энэ бүгдийг авсан гэж бодохоор нэг л сайхан байдаг байж билээ.
Г.Энхтуяа: -1985 онд ууган хүү мэндэлж, удаах хүү 1988 онд, отгон хүү 1990 онд төрсөн. Гурав дахь хүүгээ төрүүлчихээд эмнэлгээс гараад ирсэн чинь манай хүний аав “За, миний бэр чинь ингээд дархан бэр боллоо...” гээд намайг үнэрлэж байсан тэр мөч их тод санагдаж байна.
Б.Авирмэд: -Гурван хүү төрүүлсэн хүнийг дархан бэр гэж нэрлэдэг гэж л ойлгодог байлаа, харин уншиж судлаад үзэх нь ээ дээхэн цагийн заншлаар дархан бэр ганц хоёр удаа алдаа гаргахад уучилдаг, гэр доторх аливаа асуудлыг шийдэхдээ дархан бэрийнхээ үгийг сонсдог... гээд хадам талдаа дархан бэр их хүндтэй байсан юм билээ.
Г.Энхтуяа: -Гэр бүл гэдэг нэг нь нөгөөгөөсөө сурч байдаг хүмүүжлийн орчин. Хүний Манай хүн хөдөө гадаа их явна. Тэр болгонд ар талаа авч үлдэж, алс замд хэрэгтэй болгоныг нь зэхсээр бүр сурчихсан даа. Амьдралд зөрж муудалцах юм гаралгүй л яахав, гэхдээ л энэ 33 жилд бид ам мурийж, сэтгэл эвдрэлцсэн нь цөөхөн дөө.
Б.Авирмэд: -Миний амжилтын ард гэргий минь л байдаг. Би чинь ажил үүргээ ягштал хийдэг хэрнээ яг амин хувьдаа бол тийм ч арчаатай эр биш л дээ. Миний хань л хэлүүлэлтгүйгээр ар талыг минь дааж ирсэн учраас өнөөдрийн энэ амжилт ирсэн биз ээ. Тогтсон амьдралтай хүн ажил үүргээ амжуулчихаад гэртээ ирэх шиг жаргал үгүй. Ер нь гэр лүүгээ тэмүүлж л байвал тэр айлд аз жаргал байгаа л гэсэн үг. “Эрхэлж нялхарч чи минь өөриймсөөд эргэж заяасан ижий минь ч юм уу даа...” гээд миний ханьдаа зориулж бичсэн шүлгийн мөрт байдаг. Залуу насандаа амраг байсан хүмүүс амьдралын замд ижий аав болтлоо ээнэгшдэг юм байна. Одоо ч тэгээд цугтаа байхгүй бол биенээ мөрөөдөөд байх бололтой.
-“Гэр бүл бол хүмүүжлийн орчин” гэж гэргий нь хэллээ. Хүмүүжил гэдэг үр хүүхэдтэй салшгүй холбоотой шүү дээ?
Б.Авирмэд: -Бид хоёр хүүхдүүдээ багаас нь дагаад явсан гэж хэлэхэд болно доо. Тэднийгээ төлөвшихөд нь ойр байя гэсэн л бодолтой. Сумаасаа аймаг, аймгаасаа хот руу шилжсэн нь хүүхдүүдийнхээ сургууль соёлыг бараадсантай л холбоотой. Манай гурван хүү тоондоо гаргуун, цугаараа инженер болж төгссөн. Том бэр Алтайдаа, гялалзсан охин бий, удаах бэр шүдний эмч, бага бэр Боловсролын их сургуулийн номын санч.
Г.Энхтуяа: -Манай хүн чинь бэрийн сураг дуулдлаа л бол шалавхан авчраад хамт байлгачихдаг хүн. Хүний хувь заяаг төөрүүлж болохгүй, амьдралд хөлөө олох гэж анхны харцаараа бие биедээ сайн болсон улсыг аав ээж нь л зөв зүгт нь залж чиглүүлэх учиртай. Зарим айлыг харж байхад хүүхдийнхээ амьдралд хэт оролцоод амьдралыг нь бусниулсан зөндөө тохиолдол харж байлаа. Бид хоёр бол бэрээчүүлээ найр тавьж хүлээж авсан. Одоо ч бэр гэж бодохоос илүү гурван охинтой л болсон доо, манайх.
Б.Авирмэд: -Эвтэй эетэй, харилцан бие биенээ хүндэлсэн орчинд хүүхэд зөв хүмүүжнэ. Манай ач нар өвөө эмээгийнхээ өмнө ямар нэгэн буруу юм хийхгүй байхыг хичээнэ гэдэг өөрөө хүмүүжил юм. Бид хоёр буруу эрхлүүлдэг улс биш. Өвөөгийн зангараг, эмээгийн дүрмийг үзүүлэх үедээ үзүүлэлгүй яахав. Нэг үгээр хэлбэл, хүмүүжил гэдэг хайр, хүндэтгэл юм даа.
Г.Энхтуяа: -Манай гурван хүү хоол сайн хийнэ. Оймсоо хүртэл нэг бүрчлэн угааж дэгтэй өссөн. Эрэгтэй хүүхдэд эхнээс нь ингэж цэгцтэй байхыг үлгэрлэчихвэл аяндаа бие биенээсээ сурна даа. Дээрээс нь чөлөө зав гарвал амралтыг нь зөв өнгөрөөх талд анхаарвал тэгээд л болчихно тэр. Аав нь морь уяхдаа дагуулж явсаар байгаад манай хүүхдүүд морь малд их ойрхон өссөн. Одоо хэр нь үүнтэй ойр л явна. Хүүхдийг хүмүүжих насанд нь аав ээжийн хараа хяналт алхам төдий ч сул баймааргүй санагддаг юм.
-Татагдах зүйлтэй байх, тэрийгээ хөгжүүлж явна гэдэг амьдралаа сонирхолтой байлгах бас нэгэн орон зай биз ээ?
Б.Авирмэд: -Хүн чинь ажил амьдралын мөр хөөхөөс гадна өөрийн хүсэл сонирхлоосоо сэтгэлийн цэнгэл авч байх ёстой. Морь уяад, уясан морь маань дээгүүр давхиад айраг түрүү авах нь тухайн үед цээжинд багтамгүй л аз жаргалаар бялхаж байдаг. Монгол хүний аз жаргал гэдэг ахуйгаа тойроод буцалж байдаг шүү дээ.
-Айлын дайтай айл явна гэдэг тухайн айлын эхнэр нөхрийн эв зүй, харилцан хүндлэл байдаг байх аа?
Б.Авирмэд: -Хайртай дуртай, хагацахгүй салахгүй гээд суучихаад амьдралд бэлэн биш байвал босгосон амьдрал эргээд зовлон болох үе гарна. Энэ үеэ эв зүйгээр туулж, бие биенээ хүндэлж явбал асуудал аандаа л цаашилна. Амьдрал бол эхнэр нөхрийн давж гарах шалгуураар дүүрэн байдаг. Хамтдаа даваад байх тусам гэр бүл улам ч бат бэх болдог. Гэрийн тооно тулсан хоёр баганы нэг нь хазайвал тэр гэр тогтоно гэдэг бэрх. Эхнэр нөхөр байна гэдэг энүүнтэй л адилхан. Нэг нь нөгөөгөөсөө урвахад, нэгийгээ сонсолгүй зүтгэхэд харилцаа нь улам л хэцүүднэ. Амьдралаа уруудуулчихаад хожсон хүн нэг ч байхгүй.
Г.Энхтуяа: -Хурим найр хийнэ гэдэг нэг талдаа баяр боловч, нөгөө талдаа тэр гэр бүлд хариуцлага авчирч байгаа юм. Хоёр талын ах дүү нар цуглаад туурга тусгаар айл болсныг дуулгаж байгаа нь нэр төрийн хэрэг шүү дээ. Айлын дайтай айл явахсан гэдэг хүсэл эндээс л эхэлж байдаг. Тиймээс бид хоёр гурван хүүгийнхээ хурим найрыг ёс төртэй хийсэн. Ер нь ёс төртэй хуримлана гэдэг аав ээж, ахан дүүс, анд нөхөд нь хайр, итгэлээ шингээж үлдээдэг хамгийн эрхэм үйлс шүү дээ. Энэ бүгдийг даагаад явна гэдэг л амьдрах ухаан юм…
Ажил хөдөлмөрийн талбарт анд нөхрийн ааш араншин танигддаг шиг амьдралын урт замд хань ижлийн сэтгэл ч бас танигддаг жамтай. Сэтгэлээр баян явахын аргамжааг гэргийнхээ зүрх сэтгэлд бөхөлсөн гэрийн эзэн Балсангийн Авирмэд танд, ухаанаар уужуу явахын гэгээг ханийнхаа бодол санаанд дүүргэсэн гэргий Готовын Энхтуяа танд баярлалаа. Ноён нуруу нь тэгш айл тум бумаараа үржих болтугай!...
Монгол хүний аз жаргал ахуйгаасаа ундардаг | ||
Үзсэн: 5168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.