
Бахрейн улсын нийслэл Манама хотод III Азийн залуучуудын наадмын Гүйцэтгэх хороо хуралдаж, энэ оны 10-р сарын 22-нд эхлэх тэмцээний бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ.
Уулзалтын зорилго нь оролцогч орнуудын үндэсний шигшээ багуудыг хамгийн сайн нөхцөлөөр ирүүлэхэд чиглэсэн юм.
Наадам эхлэхэд нэг сараас бага хугацаа үлдээд байгаа энэ үед 14-17 насны 2,000 гаруй тамирчин 45 Азийн орноос оролцохоор уртдчилсан мэдээ гарчээ. Бахрейн улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг наадам нь ирээдүйд 2028 оны Лос Анжелесийн болон 2032 оны Брисбэний олимпын наадамд өрсөлдөх боломжтой залуу тамирчдын чадварыг сорих талбар болох юм.
Энэ бол Арабын хойгт зохион байгуулагдаж буй Азийн залуучуудын наадмын анхны хувилбар бөгөөд Бахрейн улсын спортын түүхэнд чухал үйл явдал болж байна. Улсын спортын эрх баригчид энэхүү арга хэмжээ нь олон улсын тавцанд спортын нэр хүндийг нэмэгдүүлж, ирээдүй хойч үеийг урамшуулах боломжтойг онцолжээ.
Наадмын Гүйцэтгэх хорооны хуралд Азийн Олимпын зөвлөлийн III Азийн залуучуудын наадмын дэд ерөнхийлөгч Шейх Иса бин Али Аль Халифа оролцож, Залуучууд ба спортын дээд зөвлөлийн нэгдүгээр дэд дарга, Бахрейны үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Шейх Халид бин Хамад Аль Халифагийн мэндчилгээг уламжиллаа. Тэрээр бүх холбоодод амжилт хүслээ.
Оролцогч 45 улсын багууд тэмцээнээс хэд хоногийн өмнө ирж, цаг агаарт дасах, тэмцээн өмнөх бэлтгэл сургуулилтаа хийх, зохион байгуулагчдын бүртгэлийн журамд нийцэх боломжтой.
2025 оны 10-р сарын 22-31-нд Бахрейнд болох III Азийн залуучуудын наадамд 6,000 гаруй хүн оролцоно гэж тооцоолж байна. Үүнд тамирчид, дасгалжуулагчид, албаныхан, техникийн төлөөлөгчид, эмнэлгийн ажилтнууд, хэвлэл мэдээллийнхний багууд болон бусад гишүүд багтана.
Зохион байгуулагчид бүх оролцогчдыг хүлээн авах шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлсэн бөгөөд 23 спортын талбай, 30 гаруй бэлтгэлийн байгууламжийг бэлтгэсэн. Энэ бүхнийг хурлын үеэр танилцууллаа. Бүртгэлийн журмыг тавдугаар сард зарласан бөгөөд урьдчилан бүртгүүлэх боломжтой. Тамирчдын ирэлтийг хөнгөвчлөх арга хэмжээнүүд эцэслэгдсэн бөгөөд үүнд тэмдэглэгээ, зааварчилгааг сайжруулах, хил дээрх үйлчилгээг түргэвчлэх, ачаа тээшийг хянах, мөн Даммам хот дахь бэлтгэлийн баазуудад оролцогчдод дэмжлэг үзүүлэх зэрэг багтжээ.
Нээлтийн ёслол Сахир хот дахь Exhibition World Bahrainтөвд болно. Бэлтгэл сургуулилтууд 10-р сарын 13-наас эхэлнэ. Оролцогч орны илгээх тамирчдын тоонд хязгаарлалт байхгүй. Тамирчдад иж бүрэн эмнэлэг, сэргээн засах үйлчилгээ үзүүлнэ. Мөн бүх тамирчид заавал онлайн допингийн эсрэг сургалтад хамрагдсан байх шаардлагатай.
Энэ удаагийн наадамд Бахрейн улс анх удаа оролцож байна. Учир нь 2009 онд Сингапурт болсон эхний наадам, 2013 онд Хятадын Нанжин хотод болсон хоёрдугаар наадамд тус улс оролцоогүй юм. Гэвч гуравдугаар наадмыг зохион байгуулахын зэрэгцээ Бахрейн өөрийн шигшээ багаа оролцуулахаар болжээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Бахрейн 2025: Үндэсний холбоодын уулзалт болов | ||
Үзсэн: 135 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.