Шууд Chart

Б.Ганзориг цолоо хураалгахаар болжээ

2017-06-15 16:15:15

Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар тав давж Улсын начин цол хүртсэн Б.Ганзоригийн цолыг хураах, Улсын начин Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 03 тоот тогтоолоор гаргасан байдаг.

Учир нь Допингийн эсрэг үндэсний төвөөс дээрх хоёр бөхийг хориотой эмийн жагсаалтад багтах бодис хэрэглэж, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн хэмээн мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан гаргасан дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, Улсын начин Б.Ганзориг хуулийн байгууллагад хандсан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны зургадугаар сарын 13-ны өдөр Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолын Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.

Уг хурлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ганзориг цолоо хураалгахаар болжээ  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй