
УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын бүтээл, Ж.Оргилын зохиол “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кино энэ сарын 1-ний өдөр нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Ихэр залуусын түүхийг өгүүлэх энэхүү кино нээлтээ хийснээс хойш гурван долоо хоногийн турш ашиг орлогоороо Монголын “Box office”-ийн хоёрдугаар байрт бичигдсэн нь ямархуу чанартай бүтээл вэ гэдгийг нь гэрчилнэ. Тэгвэл уг киноны продюссер С.Ууганжаргалыг “Зогс, нэг агшин” буландаа урьж, ярилцлаа.
-Таны продюссерээр нь ажилласан “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кино одоо кино театруудаар гарч байгаа. Анхны ажилласан кино чинь энэ гэсэн. Чухам яагаад кино продюссерын ажил руу ханцуй шамлан оров?
-Одоогоос гурван жилийн өмнө буюу 2010 онд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр ах надад хамтарч кино хийх санал тавьсан юм. Тэр үеэс л кино хийе гэсэн бодолтой судалж эхэлсэн. Анх бид хоёр УДЭТ-ын “Эхнэрээ зээлээч” жүжгээр кино хийвэл сайн болж магадгүй юм байна гэж ярилцаж байлаа. Тухайн үедээ хувьсгалын тохироо бүрдээгүй, санаагаа яриад явж байтал 2011 онд “Худалч залуу” гэдэг кино гарчихсан. “Эхнэрээ зээлээч” гэдэг жүжгээс сэдэвлэсэн кино шүү дээ. Ингээд л бид хоёрын санаа талаар болсон. Тэгж явж байгаад өнгөрсөн жил бид 2-3 удаа уулзаж, ярилцаж байгаад олон нийтэд хүрээгүй зохиолоор кино хийе гэж ярилцсан. Нэлээд судалгаа хийсэн. Тэгээд л ихэр хүний тухай кино хийвэл ямар вэ гэсэн санаа гаргаад, Эрхмээ ахад товчхон ярьж, ойлгуулсан. Гэтэл манай хүн шууд өлгөж аваад, наад зохиолыг чинь ийм болгочихвол яаж байна гээд киноны санаагаа гаргасан. Тэгээд санаагаа гаргаж, зохиолч Ж.Оргилд өгч бичүүлсэн юм. Зохиол гарахаас өмнө буюу санаагаа гаргаад ярилцаж байхдаа бид дүрийнхээ сонголтыг хийчихсэн байсан.
-Киноныхоо санааг хаанаас олж авав?
-Ерөнхийдөө өмнө нь үзэж байсан киноноосоо л олж авсан санаа. Гэхдээ огт өөр кино болсон. Зүгээр санаа л тэр үед зурсхийж орж ирсэн хэрэг. Тэгээд бид хоёр сууж байгаад, ийм санаа байна, наадах чинь онц биш юм байна. Тэгвэл ийм санаа байна, энэ нь гоё ч юм уу гээд ярилцаж байгаад л тэр санаан дээр тогтоод, киногоо хийсэн. Цаашлаад, ихэр залуугаа аав, ээжээс нь төөрүүлбэл үйл явдал гоё болох юм байна. Аав, ээжийгээ эвлэрүүлэхийн тулд жаахан будилна. Түүн дээр бяцхан инээд нэмээд өгөхөөр бүр ч гоё болох юм байна гэж ярьсан. Ингээд л зохиолч Ж.Оргилтой уулзаж, санаагаа хэлсэн. Манай зохиолч үнэхээр мундаг, сайн зохиол бичсэн. Сүүлд кино зурганд гарахаас өмнө зохиолыг дэлгэрүүлж, инээд нэмж өгсөн.
-Найруулагч Н.Наранбаатар ажилласан. Түүний дэлгэцийн хоёр дахь бүтээл болсон. “Үл таних эмэгтэй”-н дараа түүнийг ямар кино хийх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд байсан байх. Түүнтэй хэрхэн хамтрав, энэ их сонирхолтой байна?
-Анх кино хийх санаа гарч байхад найруулагчаар нь Г.Эрхэмбаяр ах өөрөө ажиллах гэж байсан юм. Харин сүүлдээ Н.Наранбаатар найруулагчид санал тавибал яах бол гэж ярилцаж байгаад, Г.Эрхэмбаяр ах өөрөө хэлсэн. Бид хоёр хамт очоод, гурвуулаа хамтраад кино хийе. Таны ч гэсэн бүтээл болно шүү дээ гэж санал тавьсан. Гэтэл Н.Наранбаатар найруулагч “Юу ч гэсэн эхлээд зохиолоо уншиж үзье. Киноны гол түлхүүр нь зохиол. Сайн зохиол байх хэрэгтэй” гэсэн. Тэгээд л зохиолоо уншиж үзсэн, болж байна гэж хэлсэн. Энэ зохиолд драм, инээд хоёр хамт байна. Дэлгэрүүлээд, кино хийвэл сайхан бүтээл болно гээд зөвшөөрсөн. Ингэж л хамтарч ажиллахаар болсон доо. Өнөө цагт хүлээн зөвшөөрөгдсөн, мэдрэмжтэй, сайн найруулагчтай хамтарч ажилласандаа баяртай байгаа. Н.Наранбаатар найруулагч бол одоо цагийн шилдэг найруулагч яах аргагүй мөн.
-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ. Кинонд ур чадвар сайтай, мэргэжлийн, өнөө цагт хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид тоглосон байсан?
-Гол дүрийн жүжигчнээр бид эхлээд “Шинэ үе” продакшны Т.Билгүүнийг сонгосон байсан. Зохиолоо ярьж байхад л надад шууд Т.Билгүүн санаанд орсон. Олонд танигдсан, сайн жүжигчин шүү дээ. Гэтэл хоёр ихрийн нэг нь балетчин, нөгөө бокс тоглодог болж таарсан. Т.Билгүүн боксчинд нь сайхан таараад байсан. Харин балетчин гэхээр Т.Билгүүний бие хаа нь жаахан таарч өгдөггүй. Дээрээс нь яг кино зураг авалт болж байхад Солонгос руу тоглолттой явж таарсан. Гэтэл Н.Наранбаатар найруулагч “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосон Б.Энхтүвшин гэдэг залуу байна. Түүнийг дуудаад уулзая. Уг нь их сайн жүжиглэдэг залуу байна билээ” гэсэн санал тавьсан. Тэгээд уулзсан, надад ч үнэхээр таалагдсан. Ингээд гол дүрийн жүжигчний асуудал шийдэгдсэн. Г.Золзаяаг би анхнаасаа сонгосон байсан. Ерөнхийдөө Б.Эрдэнэцэцэг, Г.Мягмарнаран гээд мундаг жүжигчдийг бүгдийг нь зохиолын санаа ярьж байхдаа сонгосон. Тэд бол алв хэдийнэ үзэгчдэд хүлээн зөшөөрөгдсөн, хийсэн бүтээлтэй, шилдэг жүжигчид Харин Ц.Төмөрхуяг ахыг сүүлд сонгосон. Анх аавд нь “Шинэ үе”-ийн С.Лхагвсүрэн ахыг тоглуулахаар болсон. Гэтэл амжихгүй болохоор нь Оёгоо ахыг сонгосон. Драм талаасаа тоглож чадах хүн энэ юм байна гэж шийдээд Ц.Төмөрхуяг жүжигчнийг тоглуулсан. Энэ сонголт маань ч оносон. Үзэгчдийн сэтгэлд ч их хүрч байгаа. Дээрээс нь Ерөнхий зураглаач Ц.Отгонзоригыг дурьдах хэрэгтэй. Хослол зургийн аргыг үнэхээр гайхалтай ашигласан. Түүний чадвараар манай киноны ихэр залуусын дүр бодит юм шиг гарсан гэж боддог юм.
-Гадуур ярьж байгаа нь жүжигчин Г.Золзаяа нэлээд өндөр үнээр “Зүүдэнд ч оромгүй явдал”-д тоглосон гэж ярьж байсан. Энэ үнэн үү?
-Жүжигчин Г.Золзаяа өмнө нь дэлгэцийн уран бүтээлд хагас нүцгэн маягаар тоглож байгаагүй юм билээ. Харин манай кинонд тоглохдоо хагас нүцгэлж, зураг авахуулсан. Тиймдээ ч бидний хэлсэн үнээс нэлээд дээгүүр үнэ хэлсэн. “Танай кинонд анх хагас нүцгэлсэн учраас би энэ үнээр л тоглоно” гэсэн. Бид ч хэлсэн үнээр нь тоглуулсан.
-Та жүжигчдийн сонголт дээр гар бие оролцож ажилласан гэсэн. Кино хийхээр болохдоо жүжигчдийг багагүй судалж дээ?
-Би өөрөө “Тэнгис” кино театрт 6-7 жил ажилласан байхгүй юу. Тийм учраас иймэрхүү кино хийвэл хүмүүс сайн үзэх юм байна гэдгийг мэдэрдэг болчихсон гэх үү дээ. Байнга кино урлагийнхантай ойрхон ажиллаж, харж байсан болохоор тийм мэдрэмж аяндаа л суусан болов уу. Тэгэхээр энэ жүжигчин ингэж жүжиглэдэг. Тийм болохоор энэ дүрд таарна гэдгийг ч мэдэрдэг болчихсон. Тэр утгаараа киноны санаагаа ярьж байхад л Т.Билгүүн, Г.Золзаяа нар тохиромжтой юм байна гэдэг санаа орж ирж байсан. Тиймдээ ч шууд сонгосон. Харин Б.Энхтүвшин, Ц.Төмөрхуяг ах хоёрыг найруулагч өөрөө сонгосон. Б.Энхтүвшин гэхэд Солонгост суралцаад ирсэн, шинэ залуу жүжигчин. Дээрээс нь бид шинэ нүүр царай гаргаж ирье гэдэг утгаар нь Б.Энхтүвшинг тоглуулсан.
-Та өөрөө зураг авалтын үеэр киногоо үзээд, юу гарахыг нь мэдэж байгаа. Харин киноны нээлт болоод, үзээд дуусахад юу бодогдсон бол. Үзэгчийн нүдээр харахад ямар байсан бол гэдгийг л асуугаад байгаа санаатай юм?
-Киногоо байнга үзээд байхаар алдаа, оноог нь олж хардаг юм байна. Энэ гайгүй нь тэгсэн бол арай дээр болох байсан байна шүү гэдэг бодол төрж байгаа. Харин үзэгчийн нүдээр харсан сэтгэгдлээ хэлбэл, Б.Энхтүвшингийн жүжиглэлт сайн болсон. Хоёр дүрийг үнэхээр сайн гаргаж өгсөн. Хоёр өөр зан ааштай хүнийг үнэхээр бодит юм шиг л гаргасан. Тэр утгаар нь нэлээд үнэлсэн. Ерөнхийдөө сайн бүтээл болсон гэж бодож байна. Сайн найруулагч, зохиолч, жүжигчид, уран бүтээлчидтэй хамтарч ажилласан болохоор тэр байх. Чадвартай уран бүтээлчдээс муу бүтээл төрдөггүй юм байна гэдгийг ойлгосон. Үзэгчид ч ам сайтай байгаа.
С.Ууганжаргал: Чадварлаг уран бүтээлчдээс муу бүтээл төрдөггүй юм байна | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.