
Швед дэх шагайн харваачдын намрын тойром амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Шагайн Харвааны Холбооны Швэд дэх салбар холбооны намрын тойром Стокхольм хотноо тав дахь жилдээ болсон юм. Энэ удаагийн тойромд нийт долоон баг өрсөлдсөн бөгөөд Шведийн хоёр дахь том хот болох Гётеборгт төвтэй Баруун эргийн төлөөлөл болсон харваачид ирж оролцсон нь онцлог байлаа.
Есдүгээр сарын 9-ний 09:09 гэсэн билэгт сайн цагийг сонгон эхэлсэн тус тэмцээн багуудын эн тэнцүү өрсөлдөөн дунд үдшийн бүрий болтол үргэлжилсэн юм.
Багийн харваанд нэгдүгээр байрт н.Батсайхан ахлагчтай баг шалгарсан бол н.Баяржаргал, н.Гансvх ахлагчтай багууд удаалсан юм. Тэгвэл хувийн цуваа харваанд М.Энхболд, н.Батжаргал, н.Эрхэмбаяр нар эхний байрыг эзэллээ.
Швэд дэх салбар холбоо нь Монголын шагайн холбооны гурван сумаар нийлж, найман сумаар шувтарч, дөрвөн сумаар гоцдох гэсэн дүрмийг баримталж аливаа уралдаан тэмцээн, тойрмоо зохион байгуулдаг. Мөн саяханаас шинэ холбоо үйл ажиллагаагаа эхлүүлж байгаатай холбогдуулаад ирэх 11 дүгээр сард болох Европын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний бэлтгэл болоод багийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт энэ тойрмын үеэр явагдлаа.
МҮОНТВ-ийн Стокхольм дахь сурвалжлагч Р.Слава
Швед дэх шагайн харваачдын намрын тойром амжилттай болж өндөрлөлөө | ||
Үзсэн: 1570 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.