Шууд Chart

О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 9 дэх удаагаа боллоо

2017-11-05 13:19:28

“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Александр Медведь, Дан Колов, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, 1995, 1996, 1999, 2000, 2003 оны “Монгол говь” ОУТ-ий аварга, 1994, 1996, 1997, 1998, 2002, 2003 оны Монгол Улсын аварга, гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит 22 хүртэлх насны залуучуудын хөнгөн жингийн цомын аварга шалгаруулах тэмцээн  Спортын төв ордонд боллоо.

1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монголын нэрийг дэлхийд “тахалсан” алдарт бөх “Ооска”-гийн нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш уламжлал болгон ес дэх удаагаа зохион байгуулагдсан юм. Сонирхуулахад, “Ооска”-гийн тэмцээнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, Б.Номин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга, цэргийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Занабазар, хүрэл медальт С.Батболд, Б.Нэмэхбаяр, Б.Баянмөнх, Г.Идэрхүү, Б.Батмагнай нарын Монголын чөлөөт бөхийн шилдэг бөхчүүд хүч үзэж “түрүүлж”, “үзүүрлэж”, медаль хүртэж байв.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Хасу-Мегаватт” компанийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ардын багш, гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай шүүгч А.Басхүү, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Л.Ням, Б.Баяраа, Ц.Хосбаяр, Ц.Баярсайхан, 1993 оны дэлхийн шилдэг бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Н.Бүргэдаа, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын аварга Болгарын нэрт бөх Георгий Калчев, БСШУЯ-ны Биеийн тамир спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, “Аваргууд” академийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Батсайхан, М.Бямбадорж болон О.Пүрэвбаатарын гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, шавь нар нь оролцов. О.Пүрэвбаатар гавьяат өөрийнх ид үе барилдаж байхад тусалж дэмжиж байсан МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, гавьяат өөрийн зүгээс ахмад шүүгч Б.Дашням, ахмад эмч, массажист Чимэддамба нарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын цом гардуулан өгсөн юм.

Тэмцээнд 15 байгууллагын 120 тамирчин хүч үзсэн бөгөөд 50 кг-ын жинд ҮБТДС-ийн оюутан М.Батням, 55 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Насанбуян, “Монголиа Опен” ОУТ болон насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д цэргийн ДАШТ болон насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин спортын мастер Г.Ханбүргэд нар жин тус бүртээ аваргаллаа. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар БТСДуС-ийн дасгалжуулагч, спортын мастер Г.Пүрэвбаатар, шилдэг шүүгчээр Ж.Баасанбат нар тодров.

Өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Цогбадрах, Б.Гүндсамбуу, Борис Будаевын нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт Б.Баасанням, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт Г.Чойгажид тэргүүтэй хөнгөн жингийн өсч яваа залуучууд Хөх хотод дөрвөн орны хамтарсан бэлтгэлд оролцохоор явсан тул зодоглоогүй. Харин залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Э.Тэмүүлэн, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Түмэнцогт, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ариунболд нар бэртэл гэмтлийн улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжсөн юм.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
50 кг (18 тамирчин): 1. Мягмарсүрэнгийн Батням (ҮБТДС) 2. Пүрвээгийн Дашцэрэн (Хасу-Мегастарс) 3. Энхтөрийн Жавхлантөгс (Хангарьд), Амараагийн Амарсайн (Мэргэд-Хангай)
55 кг (33): 1. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс) 2. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар) 3. Энхтайваны Зулхүү (ҮБТДС), Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)
60 кг (32): 1. Алтансувдын Мөнх-Эрдэнэ 2. Ганбатын Бат-Эрдэнэ 3. Олонбаярын Сүлдхүү (бүгд Хасу-Мегастарс), Баярсайханы Алтангэрэл (Аварга)
65 кг (33): 1. Ганхуягийн Ханбүргэд (Алдар) 2. Зүүнбаянгийн Мөнхтулга (Женко) 3. Баярмөнхийн Мөнхдаваа (Сонгинохайрхан дүүрэг), Бямбажавын Дүгэрсүрэн (ҮБТДС)

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо


О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 9 дэх удаагаа боллоо   
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй