Өчигдөр буюу ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “100 яруу найраг “,“100 хайрын тухай шүлгийн цэнгүүн” “Өргөн орлонд хүн хайраар дутаж болохгүй” уриан дор болж өндөрлөлөө . Хэдийгээр 100 яруу найрагч гэсэн боловч 100-аас илүү яруу найрагч нэгэн дор цуглаж хайрын тухай шүлэг уншиж үзэгч олныхоо чихийг мялааж, сэтгэлийг нь баясгасан юм. Цэнгүүний үеэр хайрын шүлгийн хатан хаан,Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч, Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Дулмаа гуайн сэтгэгдлийн сонссон юм. Энэ хүнгүйгээр хайрын шүлгийг төсөөлшгүй билээ.
Та сайхан зусаж байна уу. Өнөөдөр үг, шүлэг, найрагч гурав чуулсан сайхан өдөрлөг болж байна. Та энэхүү өдөрлөгийн талаар сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахгүй юу?
Өнөөдөр сайхан өдөр байна. Сайхан шүлэг сонслоо. Яруу найргийн баярыг зохион явуулж байгаа хүмүүст их баярлалаа. Энд ахмад яруу найрагч, залуу яруу найрагч бүгд оролцож байна.Энэ нь хүнд сэтгэлийн их сайхныг бий болгож байгаа баяр болж байгаа юм. Ер нь хайрын шүлэг гэдэг бол зүрхнээс зүрхэнд хүрч байдаг хамгийн баяр баясгалантай хамгийн сайн сайхан сэтгэлийн дээд ертөнц байдаг. Хайрын тухай шүлгийг хүмүүс их хүлээн авдаг, зүрхэнээс зүрхэнд шингэдэг гэдгээрээ онцлог юм.
.jpg)
Мөн сонирхуулахад Ш.Дулмаа гуай энэ үйл ажиллагаанд зориулж хүн амьдралдаа хайртыгаа аргадаж, аргадуулж явах сайхан байдаг юм гэсэн энэ санаан дор, ороо босгоо цагийн салхинд гундаж, эндэж яваа хүмүүс байвал бие биенээ аргадаж, хайрын халуун элчээр аргадаж амьдрах сайхан байдаг юм гээд “Чамайг аргадъя ” шүлгээ уншсан юм.
“ЧАМАЙГ АРГАДЬЯ”
Дэлгэрхэн зуны цагаан уул цэцгийг
Дэргэд чинь бадамлаан сөгдөн аргадья
Дэр нийлүүлсэн онгон хайрын сайхныг бодож
Дэндүү жаргалын үүдийг сөхөн аргадья
Нар туссан хоймортоо урин байж аргадья
Насныхаа тоогоор мэхийн байж аргадья
Намрын мөнгөн хяруунд чичрэн байж аргадья
Найргын уяхан дуугаараа цацал өргөн аргадья
Тоост хорвоод амьдрах ямхын төдий агшинд
Тогоруун цуваа шиг өнгөрөх он жилүүдийн урсгалд
Тоотой насныхаа хэрээр жаргая гэсэндээ аргадья
Аргадья чамайг
Алиа хонгор зангий чинь эвдэхгүй гэсэндээ аргадья
Амин халуун хайраа сэвтээхгүй гэсэндээ аргадья
Асаасан гал голомтоо бөхөөхгүй гэсэндээ аргадья
Алаг хонгор үрсээ өнчрөөхгүй гэсэндээ аргадья
Аяа чамайг аргадья
Аргадья чамайг...
Ярилцсан: А.Бүдрагчаа
Ш.ДУЛМАА: Хайрын шүлэг зүрхнээс зүрхэнд хүрдэг... | ||
Үзсэн: 6055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.