Шууд Chart

“Үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа

2026-07-10 16:40:30

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын “Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, иргэд, гадаадын зочид төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэхээр баталсан нь Монголын морин соёл, нүүдэлчдийн өвийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл болохыг Шадар сайд Н.Номтойбаяр онцлов.

Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос санаачлан хэрэгжүүлэх “Үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг олон нийтэд танилцууллаа.

Уг цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын сүр жавхлан, Монголын төрт ёс, өв соёлыг мөнхөд өвлүүлэн хөгжүүлэх үйлс бүхэн нь өөдөө дэлгэрч, бүтээл бүхэн нь биеллээ олж байхыг ерөөлөө.


“Үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй