Шууд Chart

“Алтайн алтан уулс-Бидний хамтын өв”

2013-07-02 18:52:38

“Алтайн Алтан уулс”-ыг 4 улс дамнасан Дэлхийн өв болгох зорилгоор ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байгалийн нөөцийг хамгаалах Холбооны агентлаг хамтран  “Алтайн алтан уулс - Бидний хамтын өв” сэдэвт олон улсын хурлыг 2013 оны 07 дугаар сарын 3,4-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа бөгөөд хурлын нээлт маргааш 09.00 цагт Континентал зочид буудлын хурлын танхимд болно.

Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан зэрэг дөрвөн орны холбогдох яамны удирдлага, мэргэжилтнүүд болон эрдэмтэд уг хуралд оролцох юм. Өмнө нь энэ чиглэлээр болж байсан хурал, семинарт эрдэмтэд түлхүү чуулж байсан бол энэ удаа дөрвөн орны засгийн газрын түвшний төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцохоороо онцлог болж байна. Талууд санал солилцож харилцан ойлголцох төдийгүй Алтайн нурууг бүхэлд нь Дэлхийн өвд бүртгүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ.
 
 
Дэлхийн өвд 1998 онд бүртгэгдсэн ОХУ-ын “Алтайн алтан уулс” бол 1 сая гаруй жилийн хүний хөгжлийн түүхийг харуулсан гайхамшигт газар нутаг юм. Хэдийгээр тус газрыг ховордсон ургамал, амьтад буюу биологийн олон төрөл зүйлийг хамгаалах чухал газар хэмээн байгалийн ангиллаар бүртгэсэн ч Хүннү, Турк, Уйгар, Енисэйн Киргиз, Монгол, Ойрдууд гэх зэрэг нүүдэлчдийн түүх соёлтой нягт холбоотой газар билээ. Иймд “Алтайн Алтан уулс”-ыг 4 улс дамнасан Дэлхийн өв болгох зорилгод нэгдэн хуралдахаар болжээ.
 
 
Монгол улсын хувьд 1972 оны Дэлхийн өвийн Конвенцид 1990 онд нэгдэж орсон бөгөөд одоогийн байдлаар Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг бүртгүүлсэн төдийгүй Дэлхийн өвийн Урьдчилсан жагсаалтанд албан ёсоор 10 газрыг оруулсан байна.
 
 
Ийнхүү 4 хөрш орны мэргэжилтнүүд, холбогдох яам байгууллагууд цаашид илүү үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бололцоог энэ уулзалтын үеэр бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа хурал зохион байгуулагч нар үзэж байгаа ажээ..

 


“Алтайн алтан уулс-Бидний хамтын өв”  
Үзсэн: 3771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй