Шууд Chart

Дэлхийн Банкны шинжээч "Монголын эдийн засгийн чуулган 2018"-д оролцоно

2018-05-18 12:58:49

Дэлхийн банкны Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын туршлагын газрын Олон улсын хөрөнгө оруулалт ба өрсөлдөөний албаны менежер  Кристин Зенвэй Чиан тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2018 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд болох Монголын эдийн засгийн чуулганд оролцоно. Тэрээр айлчлалынхаа хүрээнд хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар Дэлхийн Банкнаас саяхан хийсэн судалгааны дүнг өргөн хүрээний оролцогчид, үүний дотор эрдэм шинжилгээ судалгаа, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн түншүүдэд танилцуулах юм.

Хатагтай Чиан Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтад тулгарч буй сорилт ба боломж сэдвээр 5 дугаар сарын 18-ны өдөр МУИС-ын оюутан багш нар болон бизнесийн эмэгтэй захирлуудтай хэлэлцүүлэг хийнэ. Тэрээр 5 дугаар 21-ний өдөр Монголын Эдийн засгийн чуулганы “Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын шинэ замнал” сэдэвт хуралдаанд Г. Занданшатар сайдын хамт хэлэлцүүлэгчээр оролцоно.

Тэрээр, “Хөрөнгө оруулалтын чиглэлээр ухаалаг бодлого явуулах нь Монгол Улсын бизнесүүд болон иргэдийн хөрөнгө оруулалтаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тусална” гэдгийг онцолж байна. Хатагтай Чиан, “Нэн ялангуяа Монгол Улс дахь хөрөнгө оруулалтыг тогтвортой хамгаалах явдал чухал болохыг хөрөнгө оруулагчид онцлон тэмдэглэж байна. Бизнесийн орчныг бүгдэд ээлтэй болгон сайжруулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бид тууштай дэмжлэг үзүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Дэлхийн Банк нь 2014 оноос хойш Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-иас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого ба хөдөө аж ахуйн салбарыг дэмжих” зөвлөх үйлчилгээний төслөөр дамжуулан хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тус улсад бодлогын зөвлөгөө болон техникийн туслалцааг үзүүлж ирсэн. Олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэн орохын тулд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаарх цогц тайланг Дэлхийн банкны гишүүн ОУСК 2017 оны 4 дүгээр сард гаргасан байдаг. ГШХО-ыг дэмжих, татах чиглэлээрх сургалтуудыг ОУСК 2018 оны 4 дүгээр сараас зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн сургалтад төрийн байгууллагуудын 50 гаруй ажилтнууд хамрагджээ.


Дэлхийн Банкны шинжээч "Монголын эдийн засгийн чуулган 2018"-д оролцоно   
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй