
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Юуны өмнө Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор хуран цугласан та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж ажлын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өнөөдөр түүхийн маш хариуцлагатай, эгзэгтэй цаг үед Монголын эдийн засгийн чуулга уулзалт болж байна. Зүйрлэж хэлбэл Монгол улс зудын дараа дөнгөж сэргэж эхэлж байгаа малчин айл шиг л байна. Бид өмнөх алдаа оноогоо дэнслээд зогсохгүй цаашид бодлогоо хэрхэн зөв зүйтэй, тогтвортой авч явах вэ гэдэг асуудал дээр нэгдэж ярилцан дотоод ойлголцлоо бэхжүүлэх нь маш чухал ач холбогдолтой юм. Бид олон жил улс төржиж, талцан хуваагдаж, бодлогын тогтворгүй байдалтай явсаар өдийг хүргэлээ. Төр засаг хувийн хэвшил, тэр нам энэ нам гэж хуваагдсаар дотоод хүч тамираа өөр хоорондын тэмцэл тулаанд барж ирсэн нь нууц биш.
Энэ нь биднийг гадаад ертөнцөд ч ойлгомжгүй харагдуулдаг. Одоо үүнд цэг тавих цаг болсон. Бид дотооддоо бодлогын эрчим хүчээ нэгтгэх цаг нь болсноор барахгүй бүр оройтчихоод байна. Тиймээс ч энэ удаагийн Монголын эдийн засгийн чуулганыг “ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” гэсэн уриан дор зохион байгуулж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлье.
Бид өөр хоорондоо тэмцэлдэж хүч тамираа барах бус хүчээ нэгтгэж гадагш харж өрсөлдөн, дэлхий ертөнцийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах нь туйлын чухал байна. Олон талаас нь ярьж шүүж, тунгаан бодож гаргасан шийдвэр зөв байдаг гэдэгт би эргэлздэггүй. Монголын эдийн засгийн талаар улс төрчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн төлөөлөл хамтран нийт иргэдийнхээ өмнө бодлогын нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Энэ нь шийдвэр гаргагчдад маш чухал үр нөлөөтэй гэдгийг зориуд цохон тэмдэглэж хэлье.
Чуулганы нийт оролцогчид оо, Өнөөдөр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн бий болгож байна. Үндсэндээ улсыг нуруун дээрээ үүрч яваа энэ цагийн баатрууд өнөөдөр энэ танхимд сууж байна. 2017 оны байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрч, гадаад валютын нөөц 3 тэрбүм доллар болоод байна. Мөн манай засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш нийт 2.8 их наяд төгрөгийн өрийг дарж барагдуулаад байна. Энэ бол нийт бизнес эрхлэгч та бүхэн, Засгийн Газрын хамтын үйл ажиллагааны эхний үр дүн юм. Та бүхэндээ Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол улсын засгийн газраас хөгжлийн гурван тулгуурт бодлогоо зарласан. Бид энэ бодлогын хүрээнд бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллаж байна. Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг илүү сайжруулах, шударгаар татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг бууруулна гэдгээ зарласан. Бид үүнийг хийх болно. Бид ХҮЧЭЭ НЭГТГЭЖ хамтдаа энэ бүхнийг хийх болно. Сануулж хэлж байхгүй бол засаг ч ялзардаг гэж үг бий. Монгол улсын засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй байна гэдгийг зориуд тэмдэглэж хэлье. Энэ удаагийн Монголын эдийн засгийн чуулга уулзалтаас ажил хэрэгч, үр бүтээлтэй, олон чухал санал санаачилга гарна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгийн чуулга уулзалтад оролцогсдод мэндчилгээ дэвшүүллээ | ||
Үзсэн: 1350 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.