Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ

2018-05-22 09:20:04

Тасалдах дөхсөн уламжлалыг сэргээж энэ жилээс ахин Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж байгаад талархаж байна. Асуудлын гол нь энд хэдэн хүн цуглаад хоосон цэцэрхэж, энд ийм байна, тэнд тэгдэг юм, ингэх ч ёстой, тэгэх ч учиртай гэх зэргээр чухал үгс хэлж, ажил хэрэгч дүр төрх эсгэж байгаад тармааргүй байна. Бодитой төсөл, үр дүнтэй хэлэлцүүлэг, хэрэгжих боломжит шийдлүүдийг л тойрч ярих, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хамтын хүчээр давах, арилгах талаар л илүүтэй ярилцаасай гэж хүсэх байна.

Бодит эдийн засаг нь онолын тодорхойлолт, цэцэн цэлмэг дүгнэлт гэхээсээ улс төрийн эр зориг, улс төрийн шийдэмгий байдлаас илүүтэй хамаардгийг энд зориуд хэлье. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой шийдэл нь хомс болсон цаг. Үндэсний эрх ашиг, үндэсний онцлог гэсэн хоёр зүйлд захируулан ажлын байр олноор нь бий болгох, боловсруулах үйлдвэрлэлд дорвитой дэмжлэг өгөх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх гэсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан томоохон төсөл, хөтөлбөрүүдийг зоригтой зарлаж, эрчимтэй хэрэгжүүлээсэй гэж эдийн засгийн форумд оролцогч талуудад уриалъя. Эрх баригчдад үндсэндээ бүтэн нэг жил, хагасын л хугацаа үлдлээ. Хоёр жилийг дэмий суусаар өнгөрөөлөө. Одоо болоо биш үү.

Энэ улс орон, ард түмний төлөө нуруугаа бөгтийлгөж, хуруугаа хөдөлгөж, сэтгэлээ чилээж чадахгүй бол сонгогчид, ард түмэн цаашид дэмжээд, тэвчээд баймааргүй тийм заагт ирээд байгааг ухамсарлах чадвар форумын нийт оролцогчдод байгаа гэж найдъя. Эдийн засгийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Шалтгаан төгөлдөр байх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга


Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй