
Хурдан морь унаач хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар ГБХЗХГ-ын /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай ярилцлаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2018.03.18-нд/ болсон “Дүнжингарав-2018” уралдаанаар хүүхдүүдийн эрх олон талаар зөрчигдсөн тухай мэдээлэл байна. Газар дээр нь ажилласан хуульчийн хувьд нөхцөл байдал яг ямар байсан бэ?
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Дүнжингарав 2018” уралдааны үеэр хүүхдийн эсэн мэнд, аюулгүй амьдрах гэдэг эрх нэн тэргүүнд зөрчигдсөн. Мөн сурч боловсрох эрхийн зөрчил хурдан морины уралдаантай шууд бус байдлаар холбогддог.
“Дүнжингарав 2018” уралдааны үеэр 12 хүүхэд мориноос унаж, 3 хүүхэд хүн хөнгөн гэмтэл авч бэртсэн тухай мэдээлэл байна. Хүний эрхийн үндэсний комисс үүнээс олон хүүхэд унаж бэртсэн гэх мэдээлэл ч өгч байна. Танай байгууллагын тухайд?
Цагдаагийн байгууллага, ХЭҮК, ГБХЗГ /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ орон нутгийн байгууллагатай нийлж оролцогч талуудын нэг хэсэг нь болж ажилласан. Ямар ч байсан хүүхэд унаж бэртэж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага газар дээр нь очиж ажиллаагүй гэдгийг би мэднэ. Эмнэлгийн байгууллага мөн манай ГБХЗГ уралдааны төгсгөл болгонд хойноос нь явах байдлаар тусгай тоноглолтой автомашинтайгаа унасан, бэртсэн, ухаан алдсан, хөл гар нь хугарсан хүүхдийг авч, уралдаан болгоны хойноос нь явж ажилласан. Өөрсдийн 108 шуурхай тусламжийн утсанд ч мэдэгдсэн.
Харин уяачид мориноос унасан хүүхдээ өөрсдийнхөө тээврийн хэрэгслээр аваад явчихдаг тохиолдол бий. “Дүнжингарав 2018” хэтэрхий зохион байгуулалтгүй болсон. Нөгөө талаасаа хүн хүчний нөөц муутай байсантай холбоотой байх.
Манайхаас 16 хүүхэд мориноос унасан мэдээ өгсөн. Өөрсдөө яг газар дээр нь унасан хүүхдээ тоолоод явч явсан гэсэн үг. Уралдааны үеэр Говьсүмбэр аймгаас нэг хүүхэд гэмтэж, ГСҮТ- д ирсэн. Тэр хүүхэд одоо эмчлэгдээд биеийн байдал тогтвортой сайн байна гэсэн мэдээ авсан. Харьяа дүүргийн байгууллагууд хүүхдийн эрүүл мэнд, цаашдын сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хяналтандаа аваад ажиллаж байгаа.
Та Цагдаагийн газар тэнд байгаагүй гэлээ. Тэдний хувьд байх үүрэгтэй юу?
Чиг үүрэг байхгүй л дээ. Тэдний хувьд осолдож гэмтсэн хүүхдүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэхээсээ илүү тэнд зохион байгуулалтын хэв журмыг сахиулах үүрэгтэй ажилладаг байгууллага юм.
ХЭҮК-ын мэдээгээр 2016-2017 оны хооронд нийтдээ аймаг, бүсийн 8 уралдаан болоход 13 хүүхэд хүнд хөнгөн бэртэж, 1 хүүхэд амь насаа алдсан байна. Мориноос унасан хүүхдийн тоо үүнээс хамаагүй их байна лээ.
Хуучин “Дүнжингарав”ын уралдаан их өндөр төвшинд зохион байгуулагддаг, Засгийн газрын тогтоолтой явдаг байсан. Гэтэл одоо үндсэндээ хүний насны ой тэмдэглэдэг ч юм уу, овооны баяр тахилга болж байгаатай холбогдуулаад морин уралдаан зохион байгуулдаг болсон. Тэр бүрд манайхан хүрч ажиллах бололцоо бага, хоёрт бидэнд мэдэгдэлгүйгээр уралдаан зохион байгуулж байна. 2017 онд Ховд аймгийн дөрвөн суманд шашны Засаг даргын зөвшөөрөлгүй уралдаан болсон. 3 сарын 13ны өдөр болсон зөвшөөрөлгүй уралдаанаас болж 11 настай хүү нас барсан. Гэсэн ч энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй, хэн зохион байгуулсан нь мэдэгдэхгүй байсан.
Нас барсан хүүхдийн тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад очоогүй гэж үү?
Хамгийн харамсалтай нь хариуцсан байгууллагын тухай яригдахгүй байгаа юм. Зүгээр хэсэг хүмүүс нутагт нь сүм хийд барьсантай холбогдуулаад уралдчихдаг.
Ер нь ийм байдлаар хурдан морины зарим уралдаан хүүхдийн эрхийг яаж зөрчөөд байна вэ?
Нэгдүгээрт зохион байгуулалт тааруугаас хүүхдүүд унаж бэртэх, хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсүүлэхгүйтэй холбоотойгоор эхний ээлжид бол эсэн мэнд амьдрах,эрүүл аюулгүй орчинд хөгжих эрхүүд зөрчигддөг. Дам байдлаараа дараагийн ээлжид сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна. Сургууль завсарддаг. Гуравдугаарт хөлсөөр морь унадаг хүүхдүүдтэй холбоотой уяач, уралдаанч хүүхэд хоёрын дунд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой хүүхдийн эрх ашиг зөрчигдөх тохиолдол байна. Нийт зөрчлийн 30 орчим хувийг энэ эзэлдэг.
Хүүхдээр морь унуулж байгаа тохиолдолд тэднийг сургууль завсардуулдаг. Албан бус боловсрол олгож байгаа мэт тайлбарладаг. Ийм хэд хэдэн тохиолдлууд байна. ГБХЗГ-аас өнгөрсөн жилээс эхлээд уралдаанч хүүхдүүдэд зориулсан цахим бүртгэлийн системийг шинээр бий болгож эхэлсэн. Хүүхэд тухайн жил хэдэн удаа уралдаанд оролцов, хэдэн насны морь унав, хэнийд амьдарч байна, ямар хэмжээний цалин хөлс урамшуулалтай ажиллаж байна, яг тухайн хүүхэд мөн үү, хүүхдийн нэр дээр уралдаад байна уу гэдгийг баталгаажуулах гэж хурууны хээг нь бүртгэж уралдаанд оруулдаг системийг шинээр нэвтрүүлээд байна.
Ирэх наадмаар бид 21 аймагт болох бүх уралдаанаар энэ системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жилийн наадмаар нэг насны морины уралдаан дээр энэ системийг туршиж үзсэн. Дараа нь Өвөрхангай аймгийн шигшмэл хурдны уралдааны үеэр мөн амжилттай туршсан. Одоо энэ хоёр уралдааны үр дүнгээс харж байгаад системээ сайжруулаад ирэх 7сарын 11 гэхэд улс орон даяар хянана.
Яг өнөөдрийн байдлаар хичнээн хүүхэд хурдан морь унаж, уралдуулж байгаа бол?
Бидэнд дунджаар 10 000 орчим уралдаанч хүүхэд байна гэсэн багцаат тоо бий. Энэ систем ашиглалтад ороод 21 аймаг цаашлаад сумдуудад хүрчихвэл бүх уралдаанч хүүхдийг бүртгэнэ. Бүртгээд авчихсан тохиолдолд хэн хэний морийг унаж байна, аль сургуульд сурдаг, эс сурдаг, хэнийд амьдардаг гээд шаардлагатай бол ангийн багшийнх нь мэдээлэл хүртэл энэ системд орж байгаа юм.
10 000 орчим унаач хүүхдийн хэд нь сургууль завсардсан байдаг юм бол?
Яг одоогоор уралдаанч хүүхдүүдээ нэг бүрчлэн бүртгэж чадаагүйн улмаас нарийн судалгаа байхгүй л сууж байна. Бодит байдал л даа.
Тэгвэл хэд нь морь унаж байгаад эрүүл мэндээрээ хохирсон тухай гэсэн судалгаа байна уу?
Эрүүл мэндээрээ хохирсон хүүхдийн судалгааг он оноор нь хөөгөөд гаргаад ирж болно. Ийм тоо судалгаа манай төвд бий. 2017 оны статистикаар давхардсан тоогоор ганцхан жилд нийтдээ 394 удаа уралдаан зохион байгуулсан байдаг. Эдгээр уралдааны үеэр 629 хүүхэд мориноосоо унасан, 159 хүүхэд хүнд болон хөнгөн бэртсэн, 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алдсан байдаг.
Зөвхөн ганц жил үү?
Тийм. Зөвхөн өнгөрсөн 2017 онд бидэнд мэдэгдсэн тоогоор.
Энэ тоо хэр бодитой бол? Учир нь Морин спорт уяачдын холбоо зарим тоон мэдээлэл баримтгүй байна гэж шүүмжилдэг.
Энэ нэвтрүүлгээр амь насаа алдсан хүүхдүүдийг нэр усаар нь хэлэлтэй биш дээ. Хэвлээд аваад ирчихсэн байгаа л даа. Хөгжлийн бэрхшээлтэй болсон гурван хүүхдийг мөн ялгаа байхгүй нэрлээд, нутаг усаар нь зарлаж болно. Эцсийн дүндээ хүүхдийн хувийн нууцад халдана. Нөгөө талаасаа миний хэлж буй энэ тоо нэмэгдэх боломжтой. Учир нь бид өөрсдөө очиж ажиллаж, тэмдэглэл хөтөлсний үр дүнд гарсан тоо. Гэтэл бидэнд мэдэгдээгүй, хэлээгүй, далдуур болсон уралдаануудад хүүхэд бэртвэл нуучихдаг. Тиймээс л уралдаанч хүүхэд нэг бүрийг бүртгэдэг болж байна.
Тэгээд энэ хүүхдүүдийн эрх ашгийг яг хэн хамгаалах ёстой юм бэ? Хүүхдийн цаана эцэг эх нь гэж бий. Ер нь хэн хэнд ямар ямар хариуцлага ногдуулсан байдаг юм бол?
Хүүхдийн эрхийн хамгаалалтай холбоотой маш олон оролцогч талууд хуулиар хариуцлага хүлээдэг. УИХ, Засгийн газар, бүх шатны Засаг дарга, төр захиргааны байгууллагууд, эцэг эх бүгд хуулиар хариуцлага хүлээдэг.
Өнгөрсөн амралтын өдөр болсон “Дүнжингарав 2018” уралдаанаар хүүхдийн эрх зөрчигдсөн үйлдэлд хэн хэн нь ямар хариуцлага хүлээх ёстой бол?
Мориноос ойчиход яаж ойчсон гэдгээс асуудал хамаарна. Ер нь уралдаж байгаа бол мориноос унах тохиолдол байж л байгаа. Зохион байгуулалттай холбоотой асуудал дээр Морин спорт, уяачдын холбоо хариуцлага хүлээх ёстой. Дахиад нэг зөрчил гарч байгаа нь 2018 оны 1 сарын 19-ны өдрийн 19-р тогтоолоор шинийн гурванаас 5 сарын 1 хүртэлх хугацааны дотор 12-оос доош насны хүүхдээр үсэргээнд морь унуулах, уралдаанд оролцуулахыг хориглочихсон. Гэтэл 12 нас хүрсэн мэтээр өөр хүүхдийн төрсний гэрчилгээгээр хүүхдүүдийг бүртгүүлж уралдуулдаг. Хамгийн хүнд бэртсэн хүүхэд 11 настай хүү байх жишээтэй. Энэ тохиолдолд хуулиар амь нас нь эрүүл аюулгүй орчинд байх эрхийг зөрчсөн. Ийм төрлийн уралдаан тэмцээнд оруулсан хүнийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр байгаа. Одоогийн байдлаар ийм тохиолдол гурав илрээд байна.
Эцэг эхийн тухайд?
Эцэг эхчүүд хүүхдээ уралдаанд оруулж эрсдэл үүрүүлж байгааг ойлгодоггүй. Мэдлэг мэдээллээр дутуу. Хөдөөд ажиглаж байхад хоёр шуудай гурил, нэг шуудай цагаан будаа хүүхдийнхээ хөлс болгоод авцан тохиолдол таарч л байсан. Гэтэл зохион байгуулалтгүй, зам харгуйгаа бэлдэж засаагүй нөхцөлд хүүхдийг аваачиж онгироож байгаад суулгачихдаг. Амь насаа алдвал яах вэ? Даатгалаар хамгийн ихдээ 25 000-35 000 төгрөг хураалгадаг. Нөхөн олговрын хэмжээ таван сая үүнээс доош дүнтэй. Энэ нь бүтэн жил үйлчилнэ. Хүүхэд уралдаж яваад мориноос унаж нас барвал 5 сая төгрөгийн амь насны үнэлгээтэй явж байгаа гэсэн үг. Гэтэл “Дүнжингарав” уралдаанд, бүсийн уралдаануудад зөвхөн морио уралдуулах эрх авахын төлөө уяачид 100 мянган төгрөгийн хураамж зохион байгуулж байгаа талд ямар ч асуудалгүй төлдөг. Гэтэл тэр 100 мянган төгрөгийг дугаар авахын төлөө биш хүүхдийн төлөө төлбөл одоо явж байгаа даатгалын хэмжээгээр 20 сая төгрөгөөр амь насыг нь үнэлж болж байгаа юм.
Өнгөрсөн жил Завхан аймгийн Түдэвтэй суманд болсон зөвшөөрөлгүй уралдаанаар нэг хүү очоод тархи нь бяцарч хүнд бэртсэн. Эмчийн оношилгоогүйгээр газраар тээвэрлэж болохгүй. Амь насаа алдах аюултай. Сошиалаар нэг юм болж, Blue sky” компани нийгмийн хариуцлагын хүрээнд нисдэг тэргээр хүний тусламж дэмжлэгтэйгээр хүүг ГССҮТ-д цаг алдалгүй авчирч чадсан. Ингэж байж тэр хүүхдийн амь нас аврагдсан. Ийм тохиолдол хаана ч гарч болно. Ийм бэртэл авах тохиолдол зөндөө. Нэг талаасаа үндэсний өв соёл гэдэг утгаараа хүүхдүүдийг уралдуулахыг нь зөвшөөрч байгаа бол ядаж нисдэг тэрэг очоод газар дээрээс нь тээвэрлээд аваад ирэх хэмжээний даатгалын систем үйлчилдэг баймаар байна.
Та эцэг эх үүрэг хариуцлагаа хүлээхгүй байна гэж дээр ярилаа. Тэгвэл зөрчсөн эцэг эхчүүдэд яагаад хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бэ?
Эцэг эхэд тавигдсан хууль ёсны үүргээ биелүүлэхгүй байгаа бол эрүүгийн хэмжээнд хариуцлага тооцохоор заасан. Хариуцлага хүлээлгэх эрх бүхий субъектүүдэд хандах, шаардлагатай бол эцэг эх байх эрхийг нь хасуулах хүртэл хууль эрх зүйн боломжууд нээлттэй байгаа. Энэ бүхний уг суурь үндэс бүртгэлжүүлэх ажлаас эхэлнэ.
Морины уралдаанд унаач нь хүүхдүүд байгаа нөхцөлд бид цаашид юу юу хийх ёстой вэ?
Нэг талаасаа хүүхэд огт хурдан морь унахгүй, уралдахгүй гэж яримааргүй байна. Эцсийн дүндээ энэ бол монгол ахуй, бусад ард түмнээс биднийг ялгаж байгаа нэг онцлог. Үүнтэй санал нийлнэ. Наадмын хурдан морины уралдааныг Монголын биет бус өв соёл гэдгийг баталж ЮНЕСКО бүртгэсэн. Харин бид одоо аюулгүй байдал, хамгааллаа эрсдэл учрахаас өмнөх байдалд аваачих, боломжуудыг хөгжүүлэх, боловсронгуй болгох шаардлагатай байна. Хурдан морь унаснаас болж хүүхдийн эрх нь зөрчигддөг байхыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хурдан морь унах нэрийдлээр сургуульд сурахгүй байх нь хүүхдийн эрхийн зөрчил.
Ер нь энэ олон хүүхэд амь насаараа хохироход хариуцлага хүлээсэн шат дамжлага, эзэн хэр байгаа бол?
Амь насаа алдсан хүүхдүүд дээр хариуцлага хүлээх хүн олдоогүй. Жишээлбэл Ховд аймгийн дөрвөн суманд гарсан хэргийг сайн санаж байна. Цагдаад хэрэг үүссэн. Очиход хэрэгсэхгүй болгож байсан. Бэртэж гэмтсэн тохиолдолд ч мөн адил хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Хүүхдийн нас, хүйс, хөгжил, сэтгэхүйтэй холбоотой учир асран хамгаалагчаас заавал зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Дээр нь одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн асуудлыг боловсронгуй болгох шаардлага бас бий.
Ер нь ул сууриас нь энэ асуудалд хандъя гэвэл заавал хүүхэд унах ёстой гэж үү гэсэн асуултыг зарим нь тавьдаг. Би ч бас ингэж асуумаар байна?
Нэг талаасаа үндэсний өв соёл гэдэгтэй маргахгүй. Ядаж насны хязгаараа өндөр тавьбал бас өөр. 18 хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай, өөрийн хийж байгаа үйлдлээ ойлгодог тийм хүнээр унуулбал яагаад болдоггүй юм бол гэж хувь хүнийхээ үүднээс боддог л доо. Мэдээж үүнийг нийтээрээ ярилцаж шийдвэл оновчтой болох байх.
Танд баярлалаа.
“Хурдан мориноос унаж нас барсан хүүхдийн хэргийг хэн ч хариуцаагүй” | ||
Үзсэн: 4026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.