Шууд Chart

Г.Занданшатар: Монгол контентыг үзэгчдэд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ

2018-09-13 09:43:22

Улсын драмын эрдмийн театрын хамт олон төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор аялан тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн “Театрын өдрүүд” аялан тоглолт Баянхонгор аймгаас энэ сарын 12-нд эхэллээ.

“Би эндээс явахгүй”, “Эцсийн зогсоол, зөвхөн чи”, “Надаар тоглосон хайр”, “Бардам туулай” зэрэг шилдэг уран бүтээлээ толилуулахаар тэд бэлтгэжээ. Улсын драмын эрдмийн театрын “Театрын өдрүүд” энэ сарын 12-14-нд Баянхонгор, 15-17-нд Өвөрхангай аймагт үргэлжлэх юм.

“Манай театрын хамт олон хөдөө, орон нутагт соёл урлагаар үйлчлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу 2002 оноос бүх аймгаар явж, уран бүтээлээ сонирхуулсан. Зарим аймагт хоёр тоглосон. Баянхонгор аймагт гурав дахь удаагаа аялан тоглолтоо хийх гэж байна гэж аялан тоглолтын багийн ахлагч, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд хэллээ.

Баянхонгор аймагт ажиллаж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар жүжгийн нээлтийн арга хэмжээнд оролцож, аялан тоглолтод амжилт хүслээ. Ард түмнээ соён гэгээрүүлэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, урлаг соёлын ододтой хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд монгол контент буюу монгол өв соёл, эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой УДЭТ-ын нэг бүтээлийг үзэгчдэд хүргэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж тэрбээр хэллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Баянхонгор, дараа нь Өмнөговь аймагт ажиллана.


Г.Занданшатар: Монгол контентыг үзэгчдэд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй