Шууд Chart

Даатгалын салбарын анхны үнэт цаас биржэд гарлаа

2018-09-17 12:14:15

Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрээр “Ард Даатгал” ХХК нь 7.500.000 ширхэг энгийн хувьцаа нэмж гарган, Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан анхдагч зах зээл дээр арилжаалахаар болсон.  Тус арилжаа өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр эхэллээ. Даатгалын салбарын  анхны  үнэт цаас  олон нийтэд хүрч байгаагаараа энэ үйл явдал  Монголын хөрөнгийн зах зээлд  томоохон үйл явдал гэдгийг албаныхан онцоллоо.   

"Ард даатгал" ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 5.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр  төлөвлөжээ.   

Тус хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-ын дагуу зарцуулахаар төлөвлөжээ.  Энэ   хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг "БиДиСек ҮЦК" ХК, аудитын үйлчилгээг “Далай ван” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “И эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.

Нэгж тус бүр нь 700 төгрөгийн үнэтэй  тухайн хувьцааг  худалдан авах захиалгыг өөрийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан энэ  сарын 26-ны өдрийн 14  цаг хүртэл хүлээн авахаа "Монголын хөрөнгийн бирж" мэдэгдлээ.    

Тус IPO-ийн андеррайтэраар БиДиСЕК ҮЦК ХХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далай ван Аудит ХХК тус тус ажиллаж байна.

“Ард Даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах энэ талаар “Юуны өмнө бидний хүсэлтийг шалган, нийт хувьцаа эзэмшигчдийн хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргаж, манай цаашдын зорилгыг дэмжсэн Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын холбогдох ажилтнуудад “Ард Даатгал” компанийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монголын хөрөнгийн зах зээлд анхны нээлттэй хувьцаат даатгалын компани бий болж байгаа нь онцлог бөгөөд хурдацтай өсч, иргэдийн сонирхлыг улам бүр татаж буй хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“Ард даатгал” ХХК гэнэтийн осол, эрүүл мэнд, хөрөнгө, барилга угсралт, тээврийн хэрэгсэл, ачаа, зорчин явагч тээвэрлэгчийн хариуцлага, зочид буудлын эзний хариуцлага, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, давхар даатгалын цогц үйлчилгээгээрээ хэдийнээ даатгуулагчдын танил болсон.  Анх 1994 оны гуравдугаар сард Монголын анхны хувийн даатгалын компани болж, тулгын чулуугаа тавьж байсан тус компанид санхүүгийн зах зээл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Их Британийн Виттингтон групп 2004 онд хөрөнгө оруулалт хийж, хувь нийлүүлэгч болсон түүхтэй.  Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай Монголын анхны даатгалын компани болж, Европын даатгалын зах зээлийн шилдэг туршлага, олон улсын ноу хау-г эх орондоо нутагшуулсан юм. Үүнээс хойш долоон жилийн дараа “Ард даатгал” ХХК өөртөө “Гранд даатгал” ХХК-ийг нэгтгэн үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, даатгалын салбарт анхны нэгдлийг бий болгож байлаа. Улмаар 2015 оноос Ард санхүүгийн нэгдэл хэмээх хүчирхэг санхүүгийн нэгдлийн бүрэлдэхүүнд нэгдэж бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн хэрэглэгч, харилцагчиддаа ойртон ажиллаж байна. Өнгөрсөн оны байдлаар 24 салбар, 238 төлөөлөгчөөр дамжуулан 63 мянга гаруй харилцагчиддаа 50 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллажээ. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Даатгалын салбарын анхны үнэт цаас биржэд гарлаа  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй