Шууд Chart

Р.Мэргэн: Тавантолгойн шинэ замын ажил энэ онд эхэлнэ

2018-10-03 10:40:08

МҮОНР-гийн сэтгүүлч Д.Даваадулам Тавантолгойн бүс нутагт өнгөрсөн долоодугаар сарын эхээр ХЭҮК-ыг дагалдан ажиллаж, “Нүүрс дагасан цоохор амьдрал” цуврал сурвалжлага бэлтгэсэн. Түүний мөрөөр тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн асуултыг албаны хүмүүст дайж, хариу авснаа цувралаар хүргэж байна. Энэ удаад ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мэргэнтэй ярилцлаа. 

-Өнөөдөр Тавантолгойн бүс нутагт 9000 мянга орчим том машин нүүрс тээвэрлэж байна. Тэндхийн ажиллагсдын, жолооч нарын, байгаль орчны гээд олон асуудал тун хүнд байгааг үзэж, сурвалжиллаа. Хэзээ ямар байдлаар тээврээс үүдэлтэй асуудлуудыг шийднэ гэж тооцож байгаа вэ?

-Энэ асуудлуудыг Тавантолгой-Гашуунсухайтын давхар зам барьснаар цогцоор нь шийдэх боломжтой гэж үзэж байна. Мөн хилийн нэвтрүүлэх чадвараас тээврийн олон асуудал хамаардаг. Зайлшгүй давхар дэд бүтцийг шийдэх хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр тээвэр хийж байгаа хатуу хучилттай зам 2010 онд ашиглалтад орж байсан. Тиймээс ч нэлээд элэгдсэн. Өнгөрсөн зуны бороо уснаас болж эвдрэл ч их гарлаа.

-Давхар авто зам хэзээ ашиглалтад орох бол?

-Тавантолгой-Гашуунсухайтын давхар авто замыг Монгол-Хятадын хамтарсан түншлэгч компани гүйцэтгэнэ. Концессийн гэрээгээр компани газар шорооны ажлаа энэ онд багтааж эхлэх ёстой. Барилгын ажлыг хоёр жил хагасын хугацаанд гүйцэтгэж, 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.
Мөн Тавантолгойн ордоос "Цагаан Дэл уул" боомт хүртэл хатуу хучилттай авто замыг нээнэ. Нээлттэй сонгон шалгаруулалтад “Бодь” компани шалгарсан. Мөн Тавантолгойгоос Ханбогд, Хангимандал чиглэлийн хүнд даацын авто замыг барьж байгуулах ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлнэ. Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг Монгол-Хятадын түншлэл компани барьж байгуулна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийг удахгүй танилцуулна.

-Тавантолгойн төмөр замын төсөл хэр урагштай байна вэ?

-Хятадын талтай хэлэлцээ хийж байна. Хятадын тал зөвхөн төмөр зам гэхээсээ уул уурхайн бүтээгдэхүүнийг яаж ашиглах, санхүүжилтээ яаж шийдэх, төмөр замаа яах вэ гээд гурван асуудлыг цогцоор нь шийдэхээр Засгийн газар тогтсон. Төмөр замын хувьд 49, 51 хувийн хувьцаат компани байгуулахаар тогтсон. Одоо гол нь Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтаас хамаараад энэ ажил хүлээгдэж байна.

-Хоёр улсын төмөр замын огтлолцох цэг зөрөөд удаж байна. Хятадын талтай энэ талаар ямар яриа хэлэлцээ хийж байна?

-Тийм. Үүнийг эцэслэн шийдээгүй. Гэхдээ аль, аль талаар нь шийдэх боломжтой гэсэн хувилбарыг Хятадын талтай яриад байна. Гол нь төмөр замын болоод, Тавантолгойн уул уурхайн бүтээгдэхүүнийг ашиглах хэлэлцээрт хүрсэн. Урьдчилсан байдлаар төмөр замын санхүүжилт шийдэгдэхээр болсон. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нарийн царгиар барина. Өмнө нь 279 сая ам.доллараар газар шороо, барилгын ажил хийсэн байдаг. Одоо 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Вагон, зүтгүүр худалдаж авах хөрөнгийг оруулж тооцоод ингэж гарсан.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Р.Мэргэн: Тавантолгойн шинэ замын ажил энэ онд эхэлнэ  
Үзсэн: 2206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй