Шууд Chart

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томиллоо

2018-10-09 14:03:11

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.09) хуралдаан 11 цаг 43 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа энэ өдрийн хуралдааныг даргалав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар байр сууриа илэрхийлж, горимын санал гаргасан. Гишүүдийн зүгээс Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд УИХ -дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул хамт өргөн мэдүүлсэн долоон хуулийн төсөл, УИХ-ын  хоёр тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагатай гэж үзсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж , “С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэний дараа уг  хэлэлцэх шаардлагатай” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, О.Батнасан, Л.Мөнхбаатар нараас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Төрийн өмч, хөрөнгийг зөв зохистой, үр ашигтай ашиглах,  төрийн санхүүгийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн байгууллага, олон нийтэд үнэн зөв, бодитой тайланг хүргэхэд төрийн аудитын байгууллага чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого тодорхой болсноор төрийн бодлогын хэрэгжилтэд төрийн аудитын оролцоо нь тодорхой, үйл ажиллагаа нь нэгдмэл, нэг зорилгод чиглэгдэх болно”гэдгийг онцоллоо.

Хуралдаанд Үндэсний аудитын газрын орлогч дарга С.Оюунбилэг, холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тогтоолын төсөлтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авсны дараа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр  тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа  хараат бус байж, олон улсын стандартад нийцсэн, улс төрөөс ангид байх ёстойг анхаарууллаа. Ингээд “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн.

Хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг үндэслэн уг зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилж, зөвлөлийн ажиллах журмыг баталж, мөрдөн ажиллахыг даалгахаар тусгажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилохыг дэмжиж,  Байнгын хорооны тогтоолын төслийг  батлав.


Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томиллоо  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй