
АНУ-ын санхүүгийн зах зээл дээр хувьцааны ханш сүүлийн найман сарын доод цэгт хүрч унажээ. “Доу Жонс”, “Эс энд Пи” зэрэг гол индексүүд гурав гаруй хувиар унасан бол, өндөр технологи, интернетийн салбарын компаниудыг багтаадаг "НАСДАК" индексийн уналт бүр дөрвөн хувиас давсан байна.
АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн систем бодлогын хүүг нэмсэнээс үүдэлтэй болгоомжлол улам бүр газар авч байгаа нь хувьцааны ханш ийнхүү огцом унахад нөлөөллөө гэж ажиглагчид үзэж байна. АНУ-ын Төв банк 2008 оны санхүүгийн хямралын улмаас удаан үргэлжилсэн эдийн засгаа дэмжих үүднээс бодлогын хүүг сүүлийн есөн жил гаруйн турш ер бусын доогуур түвшинд барьсан юм.
Харин хоёр жил орчмын өмнөөс бодлогын хүү буцаад өсч эхэлснээс эдийн засгийн өсөлт, пүүс компаниудын ашиг орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа юм. Тэр дундаа сүүлийн жилүүдэд ханш нь хамгийн олон дахин өссөн өндөр технологийн компаниудын хувьцаа лхагва гарагийн уналтад хамгийн их өртсөн байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ийнхүү донслоход Азийн зах зээлүүдийн арилжаа өнөө өглөө мөн уналтаар эхэлсэн дүнтэй байна. Японы “Никкэй 225” индекс 3.6 хувиар, Хонгконгийн “Хан Сен” гурван хувиар, “Шанхай компосит” 2.6 хувиар тус тус унажээ.
БНХАУ-тай хийж буй АНУ-ын худалдааны дайны улмаас дэлхий даяар эдийн засаг буурч болзошгүй гэсэн болгоомжлол ч бас хөрөнгө оруулагчдыг зовоож байна.
АНУ-ын санхүүгийн зах зээл дээр хувьцааны ханш огцом унажээ | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.