
Брекситийн асуудлаарх хэлцлийн тухайд Европын Холбоотой тохиролцоонд “бараг хүрсэн” гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй танхимын гишүүддээ мэдээлжээ. Энэ тухай “Файнэншл таймс” сонин мэдээлсэн байна.
Нэгдсэн вант улс ирэх 2019 оны гуравдугаар сарын эцсээр Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах төлөвтэй байна. Гэвч тэрнээс наана Брекситийн асуудлаар тохиролцож чадах эсэх, хэрэв хэлэлцээр байгуулж чадахгүй бол юу болох вэ нь өнөө хэр тодорхойгүй байгаа юм.
Энэ оны долоодугаар сард Британийн Засгийн газар Европын Холбооноос гарах тухай хэлэлцээрийн төслөө танилцуулсан. Түүгээр бол тус улс эдийн засгийн нэлээд олон салбарт Европын стандартыг дагаж мөрдсөн хэвээр байхын сацуу Европын нэгдсэн зах зээл дээр хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн хязгааргүй арилжаалах эрхтэй байхаар байна.
Европын Холбооны эсрэг үзэлтнүүд харин үүнийг хэтэрхий “зөөлөн” бас ашиггүй гэж шүүмжилдэг. Үүний зэрэгцээ Европын Холбоотой хийж байгаа хэлэлцээ нь бүтэл муутай байгаа Тереза Мэйн танхим дахь нэр хүнд нь ганхаж эхэлсэн талаар Британийн хэвлэлүүд өмнө нь бичиж байсан.
Ерөнхий сайд харин хэлэлцээ бүтэлгүйтсэн талаар ярихад эртдэхийг хэлээд Британи улс ямарваа нэг хэлэлцээр байгуулалгүйгээр Европын Холбооноос гарахад ч бэлэн гэж мэдэгджээ. Ийм байр суурийг нь Лейбористууд болон бусад сөрөг хүчнийхэн эсэргүүцдэг юм.
Тереза Мэй: Брекситийн асуудлаарх хэлцлийн тухайд Европын Холбоотой тохиролцоонд “бараг хүрсэн” | ||
Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.