Шууд Chart

Сэтгүүлчийг Турк дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд нас барсныг дуу, дүрс бичлэг нотолж байна гэв

2018-10-12 13:40:25

Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоги Турк дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд нас барсныг дуу, дүрс бичлэг нотолж байна гэж АНУ, Туркийн талаас мэдээллээ. Хоёр улсын албаны хүмүүс "Вашингтон пост"-д энэ тухай мэдээлсэн байна.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар "Аравдугаар сарын 2-ны өдөр Жамалыг Элчин сайдын яам руу орсны дараа түүнийг Саудын Араб гаралтай бүлэг хүн барьж авч хороогоод, цогцсыг нь хэсэгчилсэн нь дүрс бичлэгт буусан байна” гэж албаныхан ярьсан байна.

Тэр дундаа “Жамалыг Саудын Арабын Элчин сайдын яаманд нэвтэрсний дараа болсон явдлын талаарх Саудын Арабын Элчин сайдын яамнаас авсан дуу бичлэгт “Бүлэг хүмүүс болон Жамалын арабаар ярьж, Жамалыг хэрхэн байцааж, эрүүдэн шүүж, дараа нь хороож байгааг сонсож болохоор байна” гэж нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж ярьсан байна.

Мөн өөр нэгэн эх сурвалж ярихдаа эхний эх сурвалжийн мэдээллийг батлан, Жамалыг бүлэг хүмүүс цохиж зодож байсан нь бичлэгээс сонсогдсон гэсэн байна. Гэхдээ бичлэгийг Турк, АНУ-ын албаныхан хэрхэн олж авсан нь тодорхойгүй байгааг хэвлэлд бичжээ.

Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоги энэ сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Элчин сайдын яамнаас бичиг баримт авах гэж ороод, түүнээс хойш сураггүй болсон юм. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын талаас хэрэв Саудын Араб Жамалыг алга болсон хэрэгт холбоотой гэж тогтоогдвол өндөр албаны хүмүүст нь хориг шахалт тавина гэж мэдэгдээд байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Саудын Арабт хөрөнгө оруулалтаа зогсоох шаардлага байхгүй гэж үзэж байгаагаа хэлжээ.

Харин улс оронд нь өрнөөд байгаа энэ хэргийн талаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган дуугүй байхгүй. Саудын Арабт үзүүлэх шахалтаа чангатгана гэж мэдэгдсэн. Мөн Турк Жамалын хэрэгт холбогдуулан 15 хүнийг нэрлэлээ. Үүнд нь Саудын Арабын тусгай хүчний албан хаагчид, тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохамед Бин Салманы ойрын нэг хүн багтаж буй юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Сэтгүүлчийг Турк дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд нас барсныг дуу, дүрс бичлэг нотолж байна гэв   
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй