
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад хувийн 50.7 ирцтэй эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудал хэлэлцсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулав.
Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Малын генетик нөөцийн тухай хууль энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаа. Эдгээр хууль батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 81 дүгээр тогтоолоор “... холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ чиг үүргийн хүрээнд шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалтыг мал аж ахуйн салбарт үйлчилж байгаа бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэх, мөн эдгээр хуулийг батлах хүртэл үйлчилж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан бусад хууль тогтоомжид үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, үр нөлөөллийг тодорхойлох ажлыг салбарын яам гүйцэтгэжээ.
Энэ ажлын үр дүнд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нийт 14 зөрчил, 3 хийдэл илэрсэн тул нэр бүхий хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас эдгээр хуулийн төслийг боловсруулжээ. Эдгээр хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулснаар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Засгийн газраас энэ оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсэг байгуулж, уг асуудлыг нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва шинээр батлагдсан хоёр хуультай нийцүүлэн өөрчлөлт орж байгаа учраас хэлэлцээд явах нь зүйтэй, ажлын хэсэг байгуулахдаа төрийн бус байгууллага болон мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулах нь зүйтэй гэсэн саналууд гаргасан байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар мал, махаа экспортлох, малаа эрүүлжүүлэх, шинэ хуулиа шуурхай хэрэгжүүлэх, ингэхдээ иргэд малчдад хүнд суртал, чирэгдэл учруулахгүй байхад анхаарах талаар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Сайд Б.Батзориг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өнгөрсөн онд улсын хэмжээнд 20 мянган тонн мах экспортод гаргаж байсан бол энэ оны эхний хагасын байдлаар 20 мянган мах гаргаад байна, оны эцэс гэхэд 50 мянган тоннд хүргэх боломжтой гэж харж байгаа. Мал, мах авах хүсэлтэй улс орны тоо нэмэгдэх хандлагатай байна. Цаашид малынхаа тоонд биш чанарт анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байгаа, энэ үндсэн дээр мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, иргэд малчдынхаа орлогыг өсгөхөд анхаарч ажиллана.
Мал өсөж байгаа ч малынхаа эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай тулгараад байна. Иймээс малаа эрүүлжүүлэх, генетик нөөцийг нь бүрдүүлэхэд чиглэсэн хоёр хууль шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн нь төрийн бодлогын чухал шийдвэр болсон. Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан, одоогоор 19 аймгийн мал эмнэлгийн газрын дарга нар томилогдоод байгаа. Малын шилжилт хөдөлгөөнийг хянаад эхэлсэн, энэ нь малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга юм. Шинэ хуулийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх, ингэхдээ хуулийн дагуу төр иргэддээ хүнд суртал, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэхэд салбарын яам анхаарна гэлээ.
Аль ч улс малаа вакцинжуулах замаар малынхаа эрүүл мэндийг асуудлыг шийддэг юм байна. Манай улс бүх малаа вакцинжуулахад наад зах нь 100 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай, гэтэл бид төсвийн боломждоо түшиглэн жилд 15 сая толгой мал вакцинжуулж байгаа. Мөн Бэлчээрийн тухай хуулийн төслийг ярих цаг нь болсон гэж салбарын яам үзэж байгаа. Тариалангийн бүсээ тодорхой болгосон, цаашдаа усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх, үр, бордооны чанар сортыг сайжруулахад анхаарна гэдгээ хэлэв.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат ажлын хэсэг байгуулна гэж цаг алдахгүйгээр хуулийн өөрчлөлтийг шуурхай хийж хууль хэрэгжүүлэх механизмаа хурдан бүрдүүлэх шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Атар газар эзэмшиж эхэлсний 60 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбогдуулан салбарын яам Атрын 4 дүгээр аянаа зарлах хэрэгтэй байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан манай улсын бүх худалдаа, импорт, экспорт нэг зах зээлээс хамааралтай байгаад төр, засаг нухацтай хандах хэрэгтэй байна, наад зах нь Япон Улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг ашиглан мал, махаа гаргах гарц байна гэдгийг хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Пүрэвдорж, А.Сүхбат нар санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийг төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв | ||
Үзсэн: 1423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.