
АНУ эрх хүчийг нь сулруулах замаар Ираны эрх баригч дэглэмийг солиход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгджээ.
Тэрбээр өнгөрөгч баасан гарагт Тегераны их сургуульд үг хэлэх үедээ “Манай тогтолцооны эрх сүрийг бууруулах нь тэдний эцсийн зорилго. Энэ зорилгодоо хүрэхийн тулд АНУ Ираны эсрэг эдийн засгийн болон сэтгэл зүйн дайн хийж байна” гэж ярьсан байна.
Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх иж бүрэн гэрээнээс АНУ гарсан тухайд "Вашингтоны энэ алхам эцсийн дүнд өөрт нь хор учруулсан" гэжээ. Өөрийг нь тус гэрээнээс гарсны дараа Иран ч бас гарна. Улмаар эцсийн бүлэгт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираныг “тусгаарлана” гэж Вашингтонд итгэж харж байсан боловч тийм зүйл болоогүй гэж Роухани ярьжээ.
Мөн тэрбээр цөмийн гэрээнд үлдсэнээрээ Иран улс юуг ч алдаагүй гэсний зэрэгцээ уг гэрээнээс улс нь хэзээ ч гарсан бэлэн гэдгийг дурдсан байна. Дональд Трампыг засгийн эрхэнд гарсны дараагаас АНУ, Ираны харилцаа хурцадсан юм.
АНУ-ын "Цагаан ордон"-ы тэргүүн бүс нутагтаа тогтворгүй байдал үүсгэж, терроризмыг дэмжиж байгаад Тегераныг буруутгадаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээнээс гарч Ираны эсрэг дангаар авч байсан хориг арга хэмжээгээ бүрэн сэргээх болсноо өнгөрөгч тавдугаар сарын 8-нд зарласан.
Тус гэрээнд оролцогч бусад улс буюу ОХУ, Их Британи, Герман, Хятад, Франц улсууд гэрээний заалтуудыг дагаж мөрдсөн хэвээр байгаа юм. Ираны автомашины сектор болон алт, бусад үнэт металлын худалдаатай холбоотой эхний хэсэг хориг хязгаарлалтын арга хэмжээг өнгөрсөн наймдугаар сараас сэргээн хэрэгжүүлж эхэлсэн.
Харин хоёр дахь хэсэг нь ирэх 11 дүгээр сарын 5-наас эхэлж сэргэнэ. Энэ хэсэгт Ираны эрчим хүчний сектор, нефтьтэй холбоотой болон Ираны төв банктай холбоотой хөрөнгө мөнгөний гүйлгээ, гуйвуулга зэрэг багтаж буй юм.
Хасан Роухани: Манай тогтолцооны эрх сүрийг бууруулах нь АНУ-ын эцсийн зорилго | ||
Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.