Шууд Chart

BBC: Сирид 106 удаагийн химийн халдлага болсныг илтгэх баримтыг илрүүллээ

2018-10-15 13:31:10

2013 оноос хойш Сирид багаар бодоход 106 удаагийн химийн халдлага болсныг илтгэх хангалттай баримтыг илрүүллээ гэж "BBC" мэдээлж байна. Сирийн иргэний хямрал мөргөлдөөнд химийн зэвсэг ашигласан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Британийн "ВВС" агентлагийн хамтарсан баг эрэн сурвалжилсан байна. Үүгээрээ тэд сүүлийн таван жилийн хугацаанд Сирид болсон гэх 164 удаагийн химийн халдлагыг шалгаж эрэн сурвалжилжээ.

Энэ мэдээллээр 350 мянган хүний амийг авч одсон Сирийн иргэний дайн эхэлснээс хойш долоон жилийн хугацаа өнгөрч тус улсын Ерөнхийлөгч Башар Асад Засгийн газрын эсрэг босогчдыг дарж ялалт байгуулахад ойрхон ирснийг эхэнд нь бичсэн байна. Гэхдээ Башар Асад энэ цус асгаруулсан хямрал мөргөлдөөнд хэрхэн ялалт байгуулах боломжтой болсон бэ гэсэн асуултад дараах мэдээллийг өгч байна. 

"ВВС"-гийн мэдээлснээр, 2013 оны есдүгээр сараас хойш Сирид хамгийн багадаа 106 удаагийн химийн халдлага болсон. Энэ үед Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Химийн зэвсгийн тухай олон улсын конвенцид нэгдэж, химийн зэвсгээ устгахыг зөвшөөрсөн. Гэтэл Сирийн эрх баригчид энэ конвенцийг батлах нэг сарын хооронд тус улсын нийслэл Дамаск хотын захын хэд хэдэн тосгонд химийн халдлага гарч, олон зуун хүн амь насаараа хохирч байсан гэжээ. Тухайн үед гарсан химийн цохилтод “Сарин” гэх хорыг ашигласан байснаас гадна барууны улсууд үүнд Сирийн Засгийн газрыг буруутгасан боловч Ерөнхийлөгч Башар Асад босогчдын талыг буруутгаж байсныг ВВС сануулж байна.

Ерөнхийдөө Сирийн Засгийн газраас тус улсын зарлаж ил болгосон 1300 тонн хэмжээтэй химийн бүх зэвсгийг нь “Химийн зэвсгийг хязгаарлах олон улсын байгууллага”, НҮБ устгасан гэж мэдээлж байсан ч тус улсад химийн халдлага цохилт үргэлжилсээр ирсэн гэж "ВВС" бичжээ.

Үүгээр хамгийн олон удаагийн буюу 30 орчим удаагийн халдлага Сирийн баруун бүсийн Идлиб мужид болсон бол мөн хөрш зэргэлдээх Хама, Алеппо мужуудад тус бүр 20 гаруй удаагийн химийн цохилт болсон байна. Жагсаалтаар Дамаск хотын зах дахь Зүүн Гута дүүрэгт 18 орчим удаагийн химийн халдлага гарч дөрөвдүгээрт байна.

Үүнээс хамгийн олон хүн амиа алдсан том химийн халдлагаар 2017 онд Сирийн Идлиб мужид болсон халдлгыг нэрлэж байна. 2017 оны дөрөвдүгээр сард Идлиб мужийн Хан Шейкун тосгонд болсон агаарын цохилтын үеэр тэр өдөртөө л гэхэд 80 гаруй хүн нас барсан тухай мэдээлэл байдаг юм.

Мөн үүнээс гадна 106 удаагийн химийн халдлагын 50 гаруйг нь агаараас хийсэн цохилт болохыг болсон явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн мэдүүлэг, гэрэл зураг, дүрс бичлэг зэрэг баримтууд илтгэж байна гэж "ВВС" мэдээлж байна. Энэ тухай баримтат нэвтрүүлгээ тус агентлаг өнөөдөр нэвтрүүлэх юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

BBC: Сирид 106 удаагийн химийн халдлага болсныг илтгэх баримтыг илрүүллээ   
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй