
Иракийн өмнө зүгийн Басра мужид ундны уснаас хордсон хүний тоо 111 мянга болж өсчээ. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газрын Басра дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Махди ат-Тамимийн мэдээлснээс иш татан “Аль-Сумариа” телевиз энэ тухай дамжуулсан байна.
Өмнө нь 27 мянган хүн хордсон гэж мэдээлж байсан юм. НҮБ-ын дээд комиссарын газар энэ асуудалд нухацтай хандаж, тодорхой арга хэмжээ авахыг төв болон орон нутгийн Засгийн газруудаас шаардаж байна. Иракийн өмнөд бүс нутагт ажилгүйдэл газар авч, нийтийн аж ахуйн салбар туйлдаа орж доройтсоныг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд өнгөрөгч долоодугаар сараас хойш үргэлжилж байгаа юм.
Нэг жагсагч амиа алдсаны улмаас улам хурцадсан эсэргүүцлийн ажиллагаа Басрагаас гадна Майсан, Кербела, Нажаф зэрэг бусад мужийг хамран газар аваад байна. Жагсагчид болон тэдний тавьж буй шаардлагуудыг Иракийн шийтүүдийн шашны удирдагч Али Ас-Систани мөн дэмжжээ. Жагсагчид ус, цахилгааны тасалдлыг бүрэн арилгахыг эрх баригчдаас шаардаж байна.
Иракийн өмнөд мужуудад 50 хэм хүрч халснаар байдал улам дорджээ. Эрх баригчид өмнө нь жагсаал цуглаанд оролцогчдын тавьж буй шаардлагуудыг биелүүлэх тусгай комисс байгуулж, ундны усны хоолой болон цахилгааны шугамуудыг сэргээн ажилд оруулахад зориулж Басра хотын оршин суугчдад хоёр тэрбум динар буюу 17 сая орчим доллар хуваарилах амлалт өгчээ.
Мөн 10 мянган ажлын байр бий болгохоо амласан байна. Иракт ажилгүйдлийн албан ёсны түвшин 10.8 хувьтай байна. Ажилгүйчүүдийн 60 гаруй хувь нь 24-өөс доош насныхан байгаа юм байна. Энэ зуур Иракийг хамарсан жагсаал цуглааны улмаас Кувейт улс тус бүр нь 250 мянган галлон ус цэвэршүүлэх хүчин чадалтай дөрвөн төхөөрөмжийг тус улсад нийлүүлжээ.
Ундны уснаас хордсон хүний тоо 111 мянга болж өсчээ | ||
Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.