Шууд Chart

Химийн зэвсэгтэй холбоотой улс орнуудын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай хэлэлцэнэ

2018-10-15 18:00:00

Химийн зэвсэг хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хувь хүн, улс орнуудын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай Их Британи, Франц улсын саналыг Европын Холбооны Гадаад асуудал эрхэлсэн Зөвлөлийн хуралдаанаар батална.

Хуралдаан өнөөдөр Люксембургт болох юм. Британийн Солсбери хотод хүн хордуулсан дуулиант хэрэг гарсан, бас Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдлуудтай холбогдуулан дээрх саналыг дэвшүүлжээ. Уг саналыг гаргасан Их Британи, Франц улсыг Европын Холбооны олон орон дэмжиж байгаа юм.

Люксембургийн хуралдааны босгон дээр асуудлыг хэлэлцэхээр Польш, Чех, Унгар, Словак, Словени, Болгар, Хорват, Румыний Гадаад яамны сайд нар Британид очжээ. Химийн зэвсгийн дайралтад холбоотой хүмүүсийг Европт нэвтрэхийг хориглох, хөрөнгийг нь царцаах зэрэг арга хэмжээг тэдгээр улс санал болгож байгаа юм.

“Химийн зэвсэг хэрэглэхэд олон жилийн турш хатуу хориг үйлчилж ирсэн. Гэвч Сири болон Солсберид гарсан явдлуудаас уг хориг зөрчигдөж байгаа нь ил болж байна. Тиймээс бид ийм аймшигт зэвсэг хэрэглэсэн этгээдүүд асар өндөр төлөөс төлөхийг яв цав тодорхой болгосон улаан зураас дахиж татах хэрэгтэй” гэж Их Британийн Гадаад яамны сайд Жереми Хант мэдэгджээ.

Тэрээр бас кибер гэмт хэргийн төлөөх хориг арга хэмжээг чангатгах санал дэвшүүлээд байна. Учир нь Оросын тагнуулын ажилтнууд, ялангуяа Цэргийн тагнуулын газар байнга хакерийн халдлага дайралт үйлдэж байна гэдэг шүүмжлэл Өрнөдийн орнуудын зүгээс улам их гарч байгаа юм. “Новичок” гэдэг мэдрэл саажуулах бодис ашиглаж Сергей болон Юлия Скрипаль нарыг хөнөөхийг завдсан хэргийг Руслан Боширов, Александр Петров нарын паспортоор хил нэвтэрсэн хүмүүс үйлдсэн болохыг Британид явуулсан мөрдөн шалгалтаар нотолсон юм.

Хэрэг дээрээ тэдгээр хүмүүс нь Оросын цэргийн тагнуулын ажилтан Анатолий Чепига, Александр Мишкин нар болохыг “Белингат” эрэн сурвалжлах бүлгийнхэн тогтоосон юм. Солсбери дэх хүн хордуулсан хэргийн ард Оросын дээд удирдлага байгаа гэж Лондон үздэг. Харин ОХУ үүнийг үгүйсгэдэг юм.

Сирийн Засгийн газар түүнчлэн сөрөг хүчнийхэн болон энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн хэрэгт удаа дараа буруутгагдаж шүүмжлүүлсээр ирсэн. Москвагийн нэгэн адилаар Дамаск өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгддэг юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Химийн зэвсэгтэй холбоотой улс орнуудын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай хэлэлцэнэ   
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй