Шууд Chart

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2018-10-18 08:53:45

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль, тогтоолын төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, М.Билэгт нар асуулт асууж хариулт авав. Гишүүдийн зүгээс Малчин, хувиараа хөдөлмөр эрхчлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, 2019 онд хэрэгжих байсан хуулийн хугацааг дахин нэг жилээр хойшлуулсан шалтгааныг  илүүтэй тодрууллаа.

Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлсэн арга хэмжээ авахгүй байхаар тохирсон. Иймд хөтөлбөрийн агуулгатай зөрчилдөх тул Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг “2020 оны” хэрэгжүүлэхээр хугацааг нь хойшлуулахаар төсөлд тусгасан хэмээн Сангийн сайд хариулав.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Ж.Мөнхбат, М.Билэгт, Д.Тогтохсүрэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар эргэн харж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх орлого төвлөрүүлэх хугацааг 2019 он болгох зэргээр гарц гаргалгаа хийх шаардлагатай гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийлэв. 

Ингээд хууль, тогтоолын төслүүд нэг бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй