Шууд Chart

ХЭҮК Тавантолгойн ордын үйл ажиллагаанд хамаатай бүх байгууллагад шаардлага тавилаа

2018-10-23 14:53:39

Монгол Улсын ХЭҮК "Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийж, тус уурхайнуудын үйл ажиллагаа орон нутгийн иргэд, тэнд ажиллагсдын эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэн. Тиймээс бодит байдлыг танилцуулах, нөхцөл байдлыг сайжруулж, хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад анхаарал хандуулахыг уриалж, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, "Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Мөн энэ асуудлаар Үндэсний хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд нартай өмнө нь албан уулзалт хийсэн байна.

Монгол Улсын ХЭҮК хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд тулгуурлан Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдлыг сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, нүүрс тээвэрлэлтийн замын аюулгүй байдал, жолооч нарын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах зэрэг зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг тэднээс шаардлаа.

Үүнд Засгийн газар ажлын хэсэг байгуулж, Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн асуудлыг цогцоор шийдвэрлэх богино, дунд, урт хугацааны стратеги, төлөвлөгөөг боловсруулж, эл төлөвлөгөөг хэрэгжүүлэх олон талт механизмийг бүрдүүлэх, “Эрдэнэс Таван Толгой” компани тухайн ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, ажлын хэсэг нь Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, дээрх бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг салбар, яам, агентлаг тус бүрийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулах, “Гашуунсухайт авто зам” компани нүүрс тээвэрлэлтийн замын арчилгаа, зам засварын ажлын хурд, хяналт, аюулгүй байдлыг сайжруулах, “Гашуунсухайт авто зам” компани ЦЕГ, ЗЦГ, АТҮТ-тэй хамтран замын хөдөлгөөнийг дүрэм сахиулах, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, замын гэмтэл, осол болон хөдөлгөөнд нөлөөлж болох байгаль цаг уурын хүчин зүйлсийн талаар мэдээлэх тогтолцоо байгуулах зэрэг ажил багтаж байна.

“Гашуунсухайт авто зам” компани ЦЕГ, ЗЦГ, АТҮТ-тэй хамтран дүрэм зөрчсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн, мэргэжлийн үнэмлэхгүй хүнд жолоо шилжүүлсэн, дараалал дайрсан, замгүй газраар явсан тухай мэдээлэл авдаг байнгын утас, хаяг бий болгож, мэдээллийн дагуу зөрчил гаргасан жолооч, түүний хамаарах тээвэрлэгч аж ахуйн нэгжид торгуулийг ногдуулдаг, олон нийтэд зарлах, “Гашуунсухайт авто зам” ХК, АТҮТ, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд хамтран нүүрс тээвэрлэлтийн бүх техник хэрэгсэлд GPS суулгаж дараалал дайрах, замгүй газраар давхих, хөдөлгөөний хурд хэтрүүлэх явдлыг хянах, зөрчил гаргасан этгээд болон түүний хамаарах тээвэрлэгч аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцох, улсын хилээр гарсан жолооч нар тухайн тээврийн хэрэгсэлтэй буцаж хил нэвтэрдэг байх тогтолцоонд шилжиж хилээр нэвтэрч буй авто машин болон жолооч нар бүртгэлтэй болж, жолоо шилжүүлэх асуудлыг багасгах, “Эрдэнэс Таван Толгой” ХК ба “Таван толгой” ХК нь нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжтэй "тээвэрлэлтийн гэрээ” байгуулах ажлыг хэвшүүлэх, холбогдох стандарт, дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, таниулах, мөрдүүлэх ажлыг гүйцэтгэх нэгжийг шинээр зохион байгуулж, шаардлагатай хүн хүч, техник хэрэгслээр хангах ажлууд ч орж байна.

Мөн Тавантолгойн уурхайн гурван компани хөдөлмөр, эрүүл мэнд болон тээвэрлэлтийн хууль, дүрэм, журмыг зөрчсөн аж ахуйн нэгжтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулахгүй, байгуулсан гэрээг цуцлах байдлаар ажиллах, ЭМЯ болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар нүүрс тээвэрлэлтэд оролцож буй иргэд болон бусад хөдөлгөөнт хүн амын дунд нийгмийн халдварт өвчин тархахаас сэргийлэх үзлэг оношилгоо хийх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах талаар ч тухайн шаардлагад тусгажээ.

Нийтэлсэн: Д.Даваадулам

ХЭҮК Тавантолгойн ордын үйл ажиллагаанд хамаатай бүх байгууллагад шаардлага тавилаа  
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй