Шууд Chart

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

2018-10-26 17:05:49

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.26) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо А.Ундраа нар тус тус танилцуулсан. 

Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газартай байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийн I шатыг 2015 оноос 2020 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг дэмжих зорилгоор төслийн 2 дугаар үе шатыг ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар хэрэгжүүлэхээр 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцжээ. Төслийн 2 дугаар шатанд одоо хэрэгжүүлж буй 11 тусгай хамгаалалттай газрын захиргаад дээр Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай 13 газар нутгийг нэмж хамруулан төслийн дэмжлэг үзүүлэх юм байна.

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт А.Ундраа асууж, хариулт үг хэллээ. Ингээд хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа  
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй