Шууд Chart

Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив

2018-11-14 17:03:38

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо (2018.11.14) өнөөдөр хуралдаж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан 61.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 55 минутад эхэлж, Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн нэр томьёог жигдлэн, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. 

Танилцуулгатай холбогдуулан тодруулга хийж асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 63.6 хувийн саналаар дэмжсэн.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Төслийн талаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа. Засгийн газраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг өргөн мэдүүлж, УИХ баталсан бөгөөд хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан юм. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авсан бөгөөд холбогдох төслийг боловсруулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийг тусгасан байдаг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд уг эрхийг тусгаагүй байдаг байна. Иймд аль нэг тал шүүхийн шийдвэрт гомдолтой гэж үзвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн талаарх зохицуулалтыг төсөлд тусгажээ. 

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуут асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Батнасан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй хэмээн горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь уг горимын саналыг дэмжсэн юм. Иймд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. 

Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа 12 дугаар дүгнэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэсэн; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг тус тус зөрчсөн гэж тус дүгнэлтэд дурджээ. УИХ уг дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төслийг боловсруулсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал төслийн талаар танилцууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх буюу шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсны зэрэгцээ 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж шүүгч түдгэлзүүлж болох зохицуулалттай байсныг өөрчлөн, ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалтыг тусгаж байгаа гэв. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч талуудын эрх ашгийг тэгш хангах үүднээс хоёр дахь дуудлага худалдаагаар үнийг 50 хувиар бууруулж тооцож олгоход төлбөр авагч тал нь хүлээж авахгүй байгаа тохиолдолд анхны дуудлага худалдаагаар тогтоосон үнийн дагуу хүлээж авах хэлбэрээр зохицуулахаар төсөлд тусгасан гэв. 

Хуралдаанд оролцсон гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Гишүүд 54.5 хувь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. 


Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй