Шууд Chart

Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

2018-11-20 15:44:17

Улсын хэмжээнд явагдаж буй "Илрүүлэл оргодол-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хуульд заасан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох зорилгоор цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Үүний хүрээнд олон удаагийн давтан үйлдэлтэй бүлэг хулгайчдыг илрүүлэн, шалгаж байна.

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ, Түмэнцогт сумдын нутаг дэвсгэрт өнгөрсөн есөөс арваннэгдүгээр сарын хооронд үйлдэгдсэн малын хулгайг илрүүлжээ.

Нийт 25 удаагийн давтан үйлдэлтэй, 17 эзэн холбогдогчтой, 45 бод, 121 бог малын хулгайг илрүүлэн, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд явж байна. Уг хэргийн улмаас иргэдэд учруулсан 29,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Малын хулгайн гэмт хэрэг удаа дараа давтагдан үйлдэгдээд байгаа хамгийн гол шалтгаан нь малчин болоод мал бүхий иргэдийн мадлаа тавих хараа хяналт сул, малаа хариулгагагүй орхидогтой холбоотой гэв.

Малын  хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь 16-45 насны , тодорхой эрхэлсэн ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилгоор бүлэг зохион байгуулалтад орж, малын бэлчээрт нь нядлан, тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөдөг болохыг тогтоожээ. Хэрэг үйлдлэгчид энэ төрлийн хэрэг хийвэл ямар төрлийн ял шийтгэл авах талаар хуулийн мэдлэггүйгээсээ нөгөө талаар цагдаад амархан баригдахгүй гэсэн бодолдоо хөтлөгдөн хулгай хийдэг байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 294 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 3,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд хулгайлах төрлийн гэмт хэрэг 46 болж өмнөх оноос буурсан хэдий ч малын хулгайн гэмт хэрэг 53 гарч 2,7 дахин өсчээ.

Харин гэмт хэргийн илрүүлэлт 62 хувьтай буюу өмнөх оноос 15,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна  
Үзсэн: 2340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй