Шууд Chart

Б.Энхнарангийн анхны соло тоглолт боллоо

2018-11-22 09:08:29

Сопрано Б.Энхнарангийн анхны соло тоглолт. Үзэгчид нь танхимаас гарч ядан, эргэж хургасан, сэтгэл тайз руу чангаасан сайхан тоглолт боллоо. 

Чайковский, Дебюси, Рахманинов, Верди, Римский-Корсаков, Жанцанноров, Шарав, Белини, Пуччини нарын ари болон романсыг уяруулан, уйлуулан дуулав. Дуучин өөрөө ялдамхан, танхилхан атлаа хүчирхэг, эзэрхэг аж. 

Холын Италиас ирж төгөлдөр хуур тоглож, найрал хөгжим удирдаж өгсөн "Ла Скала" театрын маэстро Стэфано Салватори, уран бүтээлийн эрхэм анд, мөн хоёр хоногийн өмнө эх орондоо ирсэн дэлхийн дуучин Э.Амартүвшин нар нь хүч нэмж, симфони найрал хөгжимчид нь яруу тунгалаг эгшиглүүлэн, тэд хамтдаа үзэгчдийг аз жаргалд умбуулав. Уран бүтээлчид өөрсдөө ч цэнгэлийн манлайг олсон буй за. 

Тоглолтын дараа Дуурийн театрын гоцлол дууны ангийнхан нь бие даасан тоглолт хийсэн дуучиндаа баяр хүргэдэг уламжлал ёсооор Энхнарандаа бэлэг гардуулаад, нийтээрээ алдарт Б.Шаравын "Аав, ээж хоёр минь" болон Ж.Вердийн "Хундгын дуу" өргөн барьсан нь онцгой мөч байлаа. 

Сопрано найзынх нь аав хүдэр бор хижээл эр баярын нулимсаа тогтоож чадахгүй, нууж бүр барахгүй байв. Ээж нь харин дуучидтай ана мана хангинуулж байна лээ. 
Монгол дуучид юу чаддаг, хаа хүрдгийг баритонууд харуулж яваа. Сүүлийн үед тенор ч бас нэхэж яваа. Тэдний араас дуурийн эмэгтэй дуучид хурдтай гарч өгөх цаг ирсэн мэт. Ийм ерөөлийг дуучид нь тавьж байна билээ. 

Рахманиновын "Не пой, красавица при мне", Жанцанноровын найруулга "Хөөрхөн халиун", Б.Шаравын найруулга "Бүүжидмаа" зэрэг романс, Ж.Пуччинийн "Тоска" дуурийн Тоска, "Чио Чио Сан" дуурийн Чио Чио Саны ариг нь дахин дахин сонсмоор. 
Зочин дуучин Э.Амартүвшинд нь хөгжмийн алдарт зохиолч Х.Билэгжаргалын "Ламбугуайн нулимс" дуурийн Лодонгийн аригаа дуулсанд нь тусгайлан талархал илэрхийлье. Гадаад аринууд дуулахад нь үүнийгээ сонсгочихгүй юм байх даа гэж бодож суусан юм. Үзэгчдийн дунд ийм бодолтой нь олон байсан биз ээ. Баярласан.

Дараагийн тоглолтыг нь тэсэн ядан хүлээе, Энхнараан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Энхнарангийн анхны соло тоглолт боллоо  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй