
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. Тэрбээр дээрх аймагт ажиллах үеэрээ орон нутгийн удирдлагуудтай уулзаж, аж, үйлдвэр, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Монгол Солонгосын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 28 жил болжээ. Энэ хугацаанд хоёр улс худалдаа, эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, халамжийн олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэн иж бүрэн түншлэлийн харилцаагаа сайжруулсаар ирсэн.
Элчин сайдын яамнаас хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцааг өргөжүүлэх зорилгоор зөвхөн нийслэл хотод төвлөрсөн үйл ажиллагаанаас гадна орон нутаг руу чиглэсэн хамтын ажиллагааг бий болгохыг эрхэмлэж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Энэ ч утгаараа тэрбээр баруун бүсийн томоохонд тооцогдох Ховд аймагтай хамтран ажиллах боломжийг судлахаар очжээ.
Тэрбээр Ховд аймгийн Дөргөний УСЦ-ын үйл ажиллагаатай танилцсан талаар мэдээллээд, Ховд аймагт баригдахаар төлөвлөгдөөд байгаа баруун бүс нутгийг эрчим хүчний хараат байдлаас гаргах боломж бүхий Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулахад хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна.
Түүчнлэн “Ховд аймаг нь БНСУ-тай аж үйлдвэр, байгал орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж байгаа. Монгол Солонгосын хооронд дипломот харилцаа тогтоосноос хойш 28 жил болсон байна. Энэ хугацаанд бид Улаанбаатар хотод төвлөрсөн харилцаа, хамтын ажиллагаанд илүү анхаарсан байдаг. Харин цаашид Зөвхөн Улаанбаатар хот биш орон нутаг руу чиглэсэн тэнцвэртэй харилцааг бий болгоход анхаарч байна. Иймээс бид Ховд аймгийг зорьж ирлээ. Ажлын айлчлалын үр дүнд цаашдаа Ховд аймагтай хамтран ажиллах олон салбаруудад судалгаа хийх боломж бүрдэж байна. Энэ удаагийн ажлын айлчлал богино хугацаатай учир Ховд аймгийн талаар бүрэн мэдэж авах боломжгүй. Гэхдээ аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Мөн байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлд хамтаран ажиллах боломжтой гэж харлаа. Солонгос Улсын хувьд усан цахилгаан станц хөгжсөн, энэ талд нэлээн туршлагатай. Бидэнд усан цахилгаан станцын шинэ технологийг нэвтрүүлэх, хөрнөнгө санхүүгийн боломж байгаа. Иймд усан цахилгаан станц барих чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна” гэв.
Мөн Ховд аймгийн удирдлагуудаас цаашид БНСУ-тай эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ялангуяа баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд Солонгос улсаас нийлүүлсэн тоног төхөөрөмж дээр ажиллах эмч, мэргэжилтэнүүдийг сургахад туслалцаа үзүүлэхийг уламжилсан байна.
Түүнчлэн баруун бүс нутгийг боловсон хүчнээр хангадаг ууган их сургуулиудын нэг Ховд их сургуультай хамтарн ажиллаж, багш оюутнуудыг БНСУ-д сургах, дадлагжуулах, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ үеэр Солонгос улсад Ховд аймгаас гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч, гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан хэлний урт хугацааны сургалт явуулах, залууст Солонгос хэл сурах боломжийг бий болгох Солонгос хэлний мэргэжлийн ангийг Ховд их сургуульд байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсёэлтэй байгаагаа илэрхийлжээ.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ховд аймагт ажлын айлчлал хийлээ | ||
Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.