Шууд Chart

Энэ өдөр Чикаго хотын суурийг тавьжээ

2018-12-04 12:07:48

1791 ОНД “THE OBSERVER” СОНИНЫ АНХНЫ ДУГААР ХЭВЛЭГДЖЭЭ

Лондон хотноо 1791 оны энэ өдөр долоо хоног тутмын «The Observer» буюу Ажиглагч сонины эхний дугаар гарсан бөгөөд, түүнийг ирланд залуу Уильям Борн үндэслэсэн байв. Өөрийн сониныхоо санхүүгийн амжилтад итгээд тэр үеийн асар их мөнгө болох 100 фунт стерлингийн зээл авсан байна. Гэвч тэр залуу гурван жилийн дараа 1600 фунтын өртэй болсон байв. Өрийн шоронд орохгүйн тулд Борн сониноо төрсөн ахдаа худалдсан байна. Ах нь гайгүй бизнесмен байжээ. «The Observer» сонинд алдар нэр нь 1812 онд ирэв. «The Observer» өнөөг хүртэл оршин тогтнож чаджээ. Тэнд тусгай сурвалжлагчаар Жорж Оруэлл ба Ким Филби нар ажиллаж байв.

Британийн өдөр тутмын 1821 онд үндэслэгдсэн «The Guardian» сонинд «The Observer» 1993 онд нэгдэн нэг хэсэг нь  болжээ. Өмнө нь язгууртны гэж байсан «The Guardian» одоо зүүний чиглэлийг барих болсон байна. 

1674 ОНД ЧИКАГО ХОТЫН СУУРИЙГ ТАВЬЖЭЭ

Иезуит даяанч 38 настай Жак Маркетт индианчуудыг христийн шашинд оруулах мөн Их нууруудын орчинг судлах зорилготой  1666 онд  Хойд Америкийн Францын колонид очсон байв. Мичиган нуурын баруун өмнөд хэсэгт тэр өвөлжихөөр даяанчдын сууринг 1674 оны энэ өдөр байгуулсан  нь хожмын Чикаго хот юм. Одоо энэ хот хүн амын тоогоор АНУ-ын гурав дахь том хот бөгөөд санхүү, эдийн засгийн хоёр дахь төв нь юм.  Chicago (Чикаго) нэр нь нутгийн майами-иллинойс индиан овгийнхны «shikaakwa» «зэрлэг сонгино» гэсэн үгийг хазгайгаар дуудсан франц хэллэг ажээ. Хотын статусыг уг суурин 1837 онд авчээ.

Маркетт ба үслэг эдлэл худалдан авагч Луи Жолье нар таван туслагчтайгаар 1673-1675 онуудад  Баруун дунд нутгийн голоор 4000 км замыг каноэ завиар туулсан их аянг хийн хамгийн анх удаа европчуудаас Миссисипи мөрний сав газрын баруун хойд хэсэгт хүрч чадав.

Тэд голд ч тэр нэрийг өгсөн байв. Индиан нэг омгийнхны хэллэгээр тэр нь “Их мөрөн” гэсэн утгатай. Үүний зэрэгцээ францчууд Их нууруудаас эхлэлтэй уг гол Номхон далайд биш, Атлантын далайд цутгадагыг олж тогтоосон гэдэг.

1954 ОНД “БУРГЕР КИНГ” ТҮРГЭН ХООЛНЫ СҮЛЖЭЭ РЕСТОРАН БАЙГУУЛАГДЖЭЭ

Бургер Кинг компани нь анх 1953 онд АНУ-ын Флорида мужийн Жаксонвилл хотод Инста бургер кинг хэмээх нэрээр байгуулагдаж байсан. Харин 1954 оны энэ өдөр, Миами хотноо анхны сүлжээ ресторанаа нээжээ. "Бургер Кинг" АНУ-д байгуулагдсан ба дэлxийд тэргүүлэгч бургерийн сүлжээ ресторануудын нэг бөгөөд өдгөө 100 улсад, 14,000 гаруй салбараар дамжуулан хэрэглэгчиддээ үйлчилдэг.

 

1982 ОНД БНХАУ ҮНДСЭН ХУУЛИА ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ

БНХАУ байгуулагдсанаас хойш, 1954, 1975, 1978 болон 1982 онд 4 удаа үндсэн хуулиа шинэчилжээ. Тус улсад одоогийн мөрдөж байгаа үндсэн хуулийг 1982 оны энэ өдөр шинэчлэн баталснаас хойш, 35 жил өнгөрч байна. Одоогийн хэрэгжиж байгаа Үндсэн хуульд зааснаар Хятад улс нь ажилчин анги удирдаж, ажилчин болон тариачны холбоонд түшиглэсэн ардын ардчилсан дэглэмт социалист улс юм. Олон улсын тавцанд НҮБ-ын Аюулгүй зөвлөл, Дэлхийн худалдааны байгууллага, АПЕК, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Их хорь зэрэг олон улсын байгууллагын гишүүн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ өдөр Чикаго хотын суурийг тавьжээ  
Үзсэн: 1559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй