
МУГЖ С.Жавхлан төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийхгэж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Тоглолтын бэлтгэл ажил хэр байна вэ?
-Урьд нь төрсөн өдрөө олныг хамарч тэмдэглэж байгаагүй. Энэ удаад ард түмэнтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Бид тайзаа засаад 32 ширхэг шагай тоглолтондоо зориулж бэлдээд байгаа. Миний нөхөд тоглолтыг маань дэмжээд сайхан ажиллаж байна.
-Өмнө нь төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг байв?
-Би төрсөн өдөрт ач холбогдол өгч тэмдэглэж байгаагүй. Эхийн уургийг орлох юм байхгүй л дээ. Би төрсөн өдрөөрөө сайхан сүү уудаг. Сүү хөөрүүлээд уух ч бас гоё шүү дээ. Найз нөхдүүдтэйгээ ярьж сууна. Төрсөн өдрөөрөө хүн баярлуулвал зүгээр юм байна даа гэж боддог байсан. Энэ бодол маань өнөө жилийн төрсөн өдрөөр минь биелэлээ олох гэж байна.
-Тоглолтын үнэ ханш ямар байгаа вэ?
-Монголчуудын амьдрал тийм ч сайнгүй байна. Тиймээс тасалбарын үнийг 9999 төгрөг гэж тогтоосон юм. Би энэ тоглолтоороо ашиг олохыг бодсонгүй. Нэг төгрөгийн хариулт өгч байна. Хариултны нэг төгрөг дээр гарын үсгээ зурна. Сүүлийн үед нэг төгрөг ховордоод байгаа сураг дуулдсан. Монголчууд нэг төгрөгөө хэрэглэж байх хэрэгтэй. Тэгэхээр энэ удаагийн тоглолт маань нэг төгрөгийн үнэ цэнийг харуулсан тоглолт болох болов уу гэж найдаж байна.
-Тасалбарын үнийн дүнгийн тоонд билэгдэл утга агуулагдаж байж болох юм?
-Монголчууд 99 тэнгэр минь, мөнх хөх тэнгэр минь гээд л цацлаа өргөдөг шүү дээ. Монголчуудыг хөх тэнгэр минь ивээж, сайхан цаг ирээсэй гэж бодож ингэж тогтсон юм. Хариултны нэг төгрөг ч учиртай, юм бүхэн л нэгээс эхэлдэг шүү дээ. Хүмүүс сая төгрөг тэрбум төгрөг гээд л яриад байдаг. Яс юман дээрээ нэг төгрөгөөс л эхэлдэг юм. Нэг төгрөгийг хүндэтгэж байж, бид тэгширнэ. Бид энэ төгрөгөө гүйлгээнд оруулж байж сайхан дэвжинэ. Одоо бид түрээсийн байгууллагад байгаа мэт амьдарч байна шүү дээ. Монголчууд бүх зүйлд ач холбогдол өгөх хэрэгтэй.
-Тоглолтод тань өөр дуучин, хамтлаг оролцож байгаа юу?
-Тоглолтод маань “Шуранхай” хамтлаг оролцож байгаа. Хүмүүсийн дунд "Намайг “Шуранхай” хамтлагийг тараачихлаа. Эргээд хамтлагаараа дуулах болов уу” гэсэн яриа явдаг юм билээ. “Шуранхай” хамтлаг тарлаа гэж зарлаагүй. Бас эргээд нэгдэж байна гэж ч мэдэгдээгүй. Ямар ч л байсан миний тоглолтод “Шуранхай” хамтлаг ирж ая дуугаа өргөнө. Мөн би “АПУ” компанийн “Сайн” гэдэг бүтээгдэхүүн дээр хамтарч ажиллаж байна. Одоохондоо юу гэдгийг нь зарламааргүй байна. Би төрсөн өдрөөрөө нэг зүйлийн уриалга гаргаж байгаа. Энэ нь юу вэ гэхээр хүмүүс төрсөн өдрөөрөө найз нөхдөө цуглуулаад ууж, иддэг. Тэгээд талхан дээр лаа асаагаад дараа нь тэр хийморь цог галаа унтраадаг. Энэ нь хийморь цогоо унтрааж байгаа явдал юм. Тэгэхээр би монголчуудыгаа эх орондоо баярлаж байгаасай. Ингэж битгий тэмдэглээсэй гэсэн уриалга гаргана.
-Таныг тоглолтынхоо орлогыг хүүхдэд хандивлана гэж сонслоо. Энэ тухай яриач?
-Саяхан олныг сэртхийлгэсэн муу мэдээ сонссон. Увс аймгийн Цагаанхайрхан суманд аав, ээж хоёр нь айлын бууз боохоор явсаны дараа долоон настай, таван настай хоёр хүүхэд төөрсөн тухай харамсалтай мэдээ дуулсан. Эгч нь осгож нас барахдаа дүүдээ хувцсаа тайлж өгсөн байсан гэсэн. Одоо дүү нь маш хүнд хагалгаанд орох гэж байгаа. Энэ хүүхдэд би өөрийнхөө зүгээс туслаж, тоглолтын орлогыг өгнө. Ер нь заавал хүн төрсөн өдрөөрөө наргидаг цэнгэдэг байх албагүй. Монголынхоо төлөө, амьдрал нь хэцүү байгаа хүнд туслаж дэмждэг байя. Би ийм уриалгыг дэвшүүлж байгаа юм.
-Дуучин С.Жавхлангийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс бий байх. Нууц биш бол тоглолтдоо ямар дуунуудаа дуулах бол?
-Хамгийн шилдэг дуунуудаа л дуулна даа. Үзэгч, сонсогчид маань дагаад дуулахгүй дуу нэг ч байхгүй байна байх. 150 дуунаас шигшин дуулна.
-Тоглолтынхоо сюрпризээс задлаж болох уу?
-Надтай нэг өдөр төрсөн хүмүүсийг тоглолтдоо урьж байгаа. Одоогоор холбогдсон хүн цөөн байна. Миний тоглолтын тасалбарын үнэ хямд байгаа учраас, бас С.Жавхлан тоглолтынхоо орлогоор нийгэмд хэрэгтэй үйл хийдэг гээд хүмүүс худалдаж авахыг л хичээж байгаа байх даа.
-Та тоглолт үзэхээр ирэх хүмүүсийг дээлээ өмсөөд ирээрэй гэсэн зар тараасан байсан?
-Яг миний тоглолтыг хүлээдэг, миний дууг сонсдог үзэгч, сонсогчид маань надаар хэлүүлэлтгүй өөрсдөө мэдээд дээлээ өмсөөд ирнэ байх гэж бодож байна.
-“Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтыг орон нутагт үргэлжлүүлэх бодол бий юу?
-Тоглолт маань хэдэн өдөр үргэлжлэхээс шалтгаална. Баруун аймгаар аялан тоглолт хийх бодол байна. Архангай, Баянхонгор, Ховд, Увс гээд болж өгвөл олон аймагт очиж тоглохыг зорьж байгаа.
-Таны эхнэртэйгээ хамтран дуулсан “Хар хархан харц” дуу хит болоод байна. Гэр бүлийн хүнтэйгээ хамтран өөр уран бүтээл гаргах бодол байна уу?
-Дараагийн дууг маш их ач холбогдолтой гаргана. Бидэнд 10 гаруй дуу ирчихсэн байгаа. Энэ дуунаасаа унахааргүй сайн дуу гаргана гэж бодож байна. “Хар хархан харц” дууг интернэт сүлжээнээс их олон хүн үзсэн байна лээ. Би үүнийг элэг нэгтнүүд маань монгол зан заншил, соёл, монгол ахуйгаа сонирхож байна гэж ойлгон бахархаж байгаа шүү.
-Дуучин С.Жавхлангийн дээлний сонголт сайн гэж ярилцах нь бий. Таны дээлийг хэн урладаг вэ?
-Дээл оёдог хүмүүс надтай маш их харилцаатай байдаг. Энэ бүхнийг манай эхнэр л бодож зохицуулдаг даа. Эхнэр маань бас надад дээл оёж өгсөн.
-“Хамаг Монгол” төслийн хүрээнд хамтарсан дуучин найзууд тань “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтод оролцох уу?
-Ирэх байх аа. Зарим нь надад бэлэг бэлдэж байгаа сурагтай байсан.
-Энэ жил төрсөн өдрөөрөө үзэгч, сонсогчдодоо бэлэг барьж тоглолт зохион байгуулах юм байна. Ирэх жил таны төрсөн өдрийг олон хүн хүлээх байх?
-Хоёрдугаар сарын 21-нд С.Жавхлан гэдэг хүн мэндлэлээ шүү дээ. Бас жавхлантай сайхан өдөр юм. Сайхан юм хийх л байх даа.
Баярлалаа
МУГЖ С.Жавхлан: Тоглолтынхоо орлогыг хандивлана | ||
Үзсэн: 5858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.