Шууд Chart

“Түүх мартахгүй” уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ

2020-01-17 15:46:13

Монгол Улсын маршал, Улсын баатар, Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус бүтээлийн кино зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх нар ажиллаж байгаа. Мөн “Түүх мартахгүй” нэртэй дээрх түүхэн, баримтат уран сайхны кинонд Ю.Цэдэнбалын бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг УДЭТ-ийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар амилуулсан билээ.

Тэгвэл саяхан тус киноны ерөнхий найруулагч А.Мөнхсүхээр ахлуулсан баг ОХУ-ын Буриадын театрт “Түүх мартахгүй” киноны зарим дүрд орос хэлээр дуу оруулах жүжигчид сонгох сонгон шалгаруулалт явуулжээ.

Үүнээс гадна Буриадын театрын уран бүтээлчид удам дамжсан найруулагч А.Мөнхсүхийг “Монголын Фёдор Бондарчук” хэмээн тодотгожээ.

Дашрамд дуулгахад, дээрх кинонд ОХУ-ын уран бүтээлдээс Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглосон. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээсэн юм. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээсэн.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Түүх мартахгүй” уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ  
Үзсэн: 2066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй