
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаан 12 цаг 14 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэв. Тогтоолын төслүүдийн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдэд танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна; ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, Монгол УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн боловсруулсан “Монгол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Монгол УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоохоор тусгажээ. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг дэмжив.
Мөн “Монгол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар Сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тогтоолын төслийг дэмжлээ.
Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар заасан. Түүнчлэн сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно; тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна; аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж заажээ.
Энэ зарчмыг үндэслэн боловсруулсан “Монгол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол УИХ-ын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох, бусад аймгууд тус бүр нэг тойрог байх, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог, Баянзүрх дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог, мөн Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог байгуулах, харин Баянгол, Сүрбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүрдээ нэг тойрог байхаар тусгажээ.
Харин УИХ-ын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байх аж. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүрэг 2 мандаттай, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр 5 мандаттай, хороодоос бүрдсэн хоёр тойрог /нэг тойрог нь 2, нөгөө тойрог нь 3 мандат бүхий/-той байх юм байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг дэмжлээ | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.