Шууд Chart

Жинхэнэ “Форист Гамп”

2020-04-03 11:00:21

Канадад зохион байгуулагдсан “Итгэл найдварын марафон”-д оролцож, домог мэт мөнхрөн үлдсэн бодит амьдрал дээрх “Форист Гамп”-ийн талаар энд өгүүлэх гэж байна.

1958 онд Канадад төрсөн Терри Фокс хэмээх тамирчин залуу 1977 онд ясны хорт хавдартай хэмээн оношлогдож, баруун хөлөө тайруулсан байна. Гэсэн ч тэрээр өөрийн хүсэл мөрөөдлөө орхисонгүй. Гурван жилийн турш биеэ тэнхрүүлэхдээ тэрээр улс орон даяар яг өөртэй нь ижил өвчнөөр шаналан зовж буй олон хүнийг итгэл найдвартай болгох ямар арга байх вэ гэдгийг бодож, сэтгэж байжээ.

Удаан бодсоныхоо эцэст тэрээр хорт хавдартай иргэдэд туслах хандивын аянг зохион байгуулахаар болж. Тийнхүү тэрээр 1980 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Итгэл найдварын марафон”-оо эхлүүлсэн байна. Тэрээр энэхүү марафоноор дамжуулан олон хүнд итгэл найдварыг төрүүлэхийн сацуу хүн, хүн бүр хорт хавдартай хүмүүст зориулан нэг доллар хандивлахыг уриалж байв.

Терри марафоны нэг өдөрт ойролцоогоор 42 км гүйж байлаа. Хиймэл хөлтэй түүний хувьд өдөрт 42 км-ийг туулна гэдэг маш их зориг тэвчээр байсан юм.  

Гэвч тэрээр марафоноо дуусгаж чадаагүй гэдэг. Түүний ясны хорт хавдар бусад биеэр нь тархаж, эцэс сүүлдээ уушгинд нь нөлөөлөн амь насыг нь авч оджээ.

Ийнхүү олон хүний сайн сайхны төлөө явсан тамирчин залуу марафон эхэлснээс 143 хоногийн дараа Хойд Онтариод амьсгал хураасан юм. 22 насандаа хорвоог орхисон зоригт тамирчин залуу “Итгэл найдварын марафон”-оороо Ньюфаундленд, Нова Скотиа, Принс Эдвардын арал, Нью-Брансвик, Квебек болон Онтарио мужийг дамжсан нийтдээ 5373 км замыг туулсан байдаг.

Түүнийг нас барсны дараа буюу 1981 оны хоёрдугаар сард түүний марафоны туршид цуглуулсан хандивын хэмжээг олонд зарлажээ. Тэрээр 143 хоногийн турш гүйхдээ 24 сая ам.долларыг цуглуулсан байсан юм.

Терригийн гэр бүл хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж хорт хавдартай олон хүнд туслах “Терри Фокс” санг 1981 онд нээн ажиллуулсан байна. Энэхүү байгууллага дэлхийн бүх түүхэнд өнөөг хүртэл хамгийн их хандив цуглуулж чадсан сангаар тодорч, Гиннесийн номд бичигдсэн байдаг.

Түүний нэрээр нэрлэгдсэн сан өнөөг хүртэл 360 сая ам.долларыг хорт хавдрын судалгаа болоод хорт хавдартай хүмүүсийг эмчлэхэд зарцуулжээ.

Түүний хөшөө “Терри Фокс” сангийн үүдэнд бий.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Жинхэнэ “Форист Гамп”  
Үзсэн: 1854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй