Шууд Chart

Хотын ногоон байгууламжид соёлтой хандахыг JCI залуус уриаллаа

2020-05-05 09:47:41

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амарч тухлах орчныг сайжруулах зорилгоор “JCI Mongolia” байгууллагаас 2017 онд “JCI Garden” төглийг олон улсын түнш байгууллагууд болон дотоодынхоо гишүүдийн дэмжлэгээр бүтээн байгуулжээ. 2017 онд “JCI Garden” төгөлдөө иргэдийн тав тухад чиглэсэн иж бүрэн орчныг бүрдүүлж чадсан юм. JCI Монгол байгууллагын залуус 2017-2019 оны хооронд нийтдээ 160 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалт, сэргээн засварлалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "JCI Garden" төсөлдөө зориулжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр “JCI Impact” салбарын гишүүд Монгол сакура гэгдэх буйлс модны 6 суулгац, агч модны 4 суулгацыг төгөлдөө нэмж, орчны цэвэрлэгээ хийлээ. Өнгөрсөн жил мөн 10 гаруй модыг тариалсан ба тэд JCI Япон байгууллагаас сакура мод авчирч Монгол орны цаг уурт ургуулахаар туршиж үзсэн юм. 

Мод тарих үеэр "JCI Impact" салбарын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуул, хэлтсийн дарга н.Уянга нартай уулзаж, иргэдийн хандлага, ухамсрын талаар санал солилцлоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс энэ жил бүх модоо тооллогод оруулж, албан ёсоор бүртгэлжүүлэн услалтын системээ сайжруулахаар ажиллаж байгаагаа хэлсэн юм. 

“JCI Impact” салбарын үүсгэн байгуулагч Б.Баярцэцэг:

-JCI байгууллагын олон зуун залуусын зүрх сэтгэл шингэсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "JCI Garden"-ны бүтээн байгуулалтад хандаж буй иргэдийн ухамсарт бид нэлээд шүүмжлэлтэй байна. Хүүхдүүдэд зориулсан хүслийн хайрцаг, 12 жилийн баримлуудыг эвдэх, авч явах, хөшөөнүүд дээр элдэв үг бичих, сараачих, сандал, сүүдрэвчүүд болон хүүхдийн дуу, бүжгийн тайзыг эвдэх, мод хугалах, үндсээр нь булгалах зэрэг ухамсаргүй үйлдлүүд гарч байсан. 2019 онд “JCI Монгол” байгууллагаас "JCI Garden”-д дахин засвар хийж, сайжруулсан. Гэвч дээрх үйлдэл дахин давтагдсаар байгаад харамсаж байна. Энэ маягаар олон залуусын хүч хөдөлмөр, хөрөнгө, сэтгэл зүрх шингэсэн ажлуудыг үр өгөөжгүй болгох, юм бүтээж хийe гэсэн залуусын урмыг хугалах, цаашид бүтээн байгуулах хүсэл эрмэлзлийг бууруулах эрсдэлтэй санагдлаа. Бид 2017 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уг төслийг 100 хувь гүйцэтгээд хүлээлгэж өгсөн. Жил бүр төслөө эргэн харж ханддаг. Мөн ногоон байгууламж, амьд байгалийг арчилж ургуулах нь хөшөө бариад орхихоос хамаагүй их сэтгэл зүрх, халамж, цаг хугацаа шаарддаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, иргэд, залуус бид хамтарч хүрээлэнгээ  тордож байж л төгөл шиг төгөлтэй, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх хүрээлэнтэй болно. Орчиндоо хүндэтгэлтэй хандаяСоёлтой хотын соёлтой иргэд байцгаая!

“JCI Impact” салбарын 2020 оны дэд ерөнхийлөгч Н.Энхбат:

-Ногоон байгууламж, тэр тусмаа тухайн орчны бүтээн байгуулалт гэдэг дандаа хүн рүү чиглэсэн ажил байдаг. Энд олон гэр бүл, хүүхэд залуус аюулгүй, эрүүл орчинд цагийг үр өгөөжтэй өнгөрүүлж байна. Бидний зүгээс байнга санаа тавьж, арчилж хамгаалж, усалж тордох боломж тааруу ч жилдээ хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил, засварыг хийдэг. Хамгийн наад зах нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө нэмэхээр жил бүрийн хавар модоо тарьсаар байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс усалгаа, харуул хамгаалалт, ногоон байгууламжийн арчилгааг хийж байгаа ч иргэдийн ухамсар төдийлөн сайнгүй байна. Тиймээс нийтийн эзэмшил дэх хэн нэгэн болоод хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн ажил үйлсийг хүндэтгэж, ширхэг навчийг ч хайрлан хамгаалахыг уриалж байна.











Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хотын ногоон байгууламжид соёлтой хандахыг JCI залуус уриаллаа   
Үзсэн: 2314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй