Шууд Chart

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

2020-05-06 18:13:01

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  өнөөдрийн (2020.05.06)  хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.  

Энэхүү тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дусгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “2050 он гэхэд 110 сая малтай болно гэсэн тооцоо байгаа ч, тэдгээрийн бэлчээрийн даац, усны хангамж, тэжээлийн тариалалт ямар байх талаар тодорхой хариулт байхгүй байгаа нь эргээд  ерөнхий асуудал болоод үлдэх вий” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал томоохон бичиг баримт мөн хэдий ч, учир дутагдалтай зүйл байна. Тодорхой асуудал дээр Ажлын хэсэг гараад зарчмын саналуудыг нэгтгэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болсон.


Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй