Шууд Chart

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо

2020-05-07 14:25:26

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.07) нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг Төвбанкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-гийн дагуу буюу өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

Төвбанкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа танилцууллаа. Нэр дэвшигч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, 2004-2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. Г.Дөлгөөн 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-20103 онд Монголбанкны Бүртгэлийн хэлстийн нягтлан бодогч, 2010-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембурийн Вант Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж. Түүний эдийн засаг, банк санхүү, удирдлагын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзан үзэж дээрх албан тушаалд томилуулах саналаа танилцуулж буйгаа Монголбанкны Ерөнхийлөгч хэллээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас О.Эрдэмбилэгийг чөлөөлөх, тус албан тушаалд Г.Дөлгөөнийг томилохыг дэмжсэн байна.

Нэр дэвшигчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж нар үг асуулт асууж, тайлбар мэдээлэл авлаа.

Төрийн банктай холбоотой шүүхийн шатанд байгаа асуудлуудын явц, тус банкыг удирдах явцдаа гаргасан амжилт, үйл ажиллагаанд нь нэвтрүүлсэн менежментийн дэвшлийн талаар Х.Нямбаатар гишүүн асууж, нэр дэвшигчээс хариулт авсан. 2018 оны 1 дүгээр сард Төрийн банк -20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бөгөөд тус банкыг удирдаж ажиллах хугацаандаа чанаргүй зээлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагаа, цар хүрээг тэлэх чиглэлд анхаарч ажилласан. Үүний үр дүнд 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар түүхэн ашиг буюу 21 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэлээ. Зээлийн хүүгийн талаарх гишүүдийн асуултад тэрбээр хариулахдаа “Банк нь санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Эх үүсвэрийн дийлэнх дотоодоосоо авдаг гэсэн ойлголттой байна. Системийн хэмжээнд 34 их наяд төгрөгийн актив эргэлдэж байдгийн 15-16 орчим их наяд төгрөг зээлийн бүтээгдэхүүн болж гарсан. Тиймээс нэн тэргүүнд эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр эрчимтэй ажиллах нь зохистой” гэлээ.

2018 оны хуулиар Монголбанкны удирдлага хамтын шийдвэр гаргадаг болсноороо онцлогтой гэдгийг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ. Монгол Улс 2019 оны 10 дугаар сард ФАТФ-ын “саарал жагсаалт”-д бүртгэгдсэн. Шийдвэрлэх шаардлагатай зургаан асуудал байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон Хамтын ажиллагааны зөвлөлийн хурлаас гурван асуудлыг шийдсэн гэдэг дүгнэлт гаргуулсан. Гурван асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд коронавирус (КОВИД-19)-ын цар тахалын халдварын тархалттай холбоотойгоор уулзалтууд цуцлагдаж байгаа талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч мэдээлэв. Гэсэн хэдий ч Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гаргах үүрэг бүхий Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 11-нд Олон улсын хамтын ажиллагааны Хамтын ажиллагааны багтай хуралдах товтой байгаа юм байна. Энэ үеэр асуудлуудаа хамгаалж чадсан тохиолдолд энэ ондоо багтаан “саарал жагсаалт”-аас гарах магадлалтай гэлээ. Европын холбооны “хар жагсаалт”-ын асуудлын тухайд “ФАТФ-ын “саарал, хар жагсаалт”-д байгаа улсуудыг Европын холбоо шууд “хар жагсаалт”-даа бүртгэх журам одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа. Хэрэгжиж эхлэх юм бол эрсдэлтэй. Тиймээс Монголбанк болобн холбогдох төрийн байгууллагууд асуулга, тодруулгаа Европын холбоонд хүргүүлсэн байгаа” гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Эхлээд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэгийг чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэн тул холбогдох тогтоолын төсөл батлагдав. Иймд “Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол батлагдаж, УИХ-ын дарга эцсийн найруулгыг уншиж танилцууллаа. Дараа нь Ганбямбын Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 38 нь буюу 76 хувийн саналаар дэмжсэн. Иймд “Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай” УИХ-ын тогтоол батлагдаж, УИХ-ын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм.


Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй