Шууд Chart

Конвенцыг соёрхон батлах тухай хуулийг батлав

2020-05-08 17:35:45

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.08) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

Ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт болон олон талт гэрээний үндсэн дээр үр дүнтэй хэрэгждэг практик олон улсад тогтсон байдаг. Манай улс Орос, Турк, Польш, Куба, Канад, Солонгос, Энэтхэг, Хятад, Казахстан, БНХАУ-ын ЗЗОБ Хонконг, БНХАУ-ын ЗЗОБ Макао, Вьетнам зэрэг 12 оронтой ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт гэрээ байгуулаад байна. Мөн Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн 1983 оны конвенцид манай улс нэгдэн орсон. Монгол Улс Ялтан шилжүүлэх тухай 1983 оны Страсбургийн конвенцид 2015 онд нэгдэж орсон бөгөөд одоогийн байдлаар тус конвенцид Европын Холбооны 46 гишүүн улсаас гадна уг холбооны гишүүн бус 20 улс нэгдэж орсон байна. Уг конвенцийн хүрээнд ОХУ-аас 1, Япон Улсаас 1 Монгол Улсын иргэнийг тус тус шилжүүлэн авах ажиллагааг хийж, БНСловак Улсаас 1 иргэнийг шилжүүлэн авсан.

Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй аливаа улстай ялтан шилжүүлэх асуудлыг харилцан адил байх зарчимд үндэслэн дипломат шугамаар дамжуулан тухай бүр харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд зарим улс ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй тохиолдолд ялтан шилжүүлэхээс татгалздаг (тухайлбал: Америкийн Нэгдсэн Улс). Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Канад, Бразил, Мексик зэрэг улсууд багтсан байна. Тус конвенц 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгасан байна.

Иймд энэхүү конвенцийн гишүүн улсуудтай гадаадад хорих ял эдэлж буй иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Монгол Улс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид нэгдэн орох шаардлагатай хэмээн үзжээ. Тус конвенцид аливаа улс нэгдэн ороход нээлттэй. Монгол Улс энэхүү конвенцыг соёрхон баталж, батламж жуух бичгээ Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хадгалуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно.

Энэхүү конвенцид нэгдэн орсноор Монгол Улс бусад улстай байгуулсан хоёр талт болон бусад олон талт гэрээ, хэлэлцээрийн үйлчлэл түүнчлэн шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй гэдгийг Ц.Нямдорж сайд төслийн танилцуулгын үеэр дурдав. Төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуусан бөгөөд Байнгын хорооны гишүүд төслийг соёрхон батлахыг дэмжсэн байна. 

Хуулийн төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэхүү конвенцид нэгдэн орсон 21 улсад манай улсын хэчнээн иргэн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа, ял эдлэх магадлалтай байгааг тодруулсан. Мөн эдгээр улс орноос манай улсад ял эдэлж буй хэчнээн иргэн байгаа талаарх мэдээллийг лавлав. Өнөөдрийн байдлаар Монгол Улс эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх, ялтан шижлүүлэх тухай 36 улстай олон улсын гэрээ байгуулсан байдаг талаар ажлын хэсгээс хариуллаа. Эдгээр нь давхардсан тоогоор иргэний хэрэгт эрх зүйн харилцааг зохицуулсан 17 гэрээ, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг зохицуулсан 19 гэрээ, гэмт этгээд шилжүүлэх харилцааг зохицуулсан 7 гэрээ, ялтан шилжүүлэх харилцааг зохицуулсан 10 гэрээ байдаг байна. “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ид Америк, Латин-Америкийн 16 улс, түүнчлэн Энэтхэг, Казахстан, Саудын Араб, Чех, Словак зэрэг улс нэгдэн орсон байдаг. Энэхүү конвенцид нэгдэн орсноор дээрх 21 улсад ял эдэлж буй иргэдээ хүлээн авч, үлдсэн ялыг нь Монгол Улсад эдлүүлэх, манай улсад ял эдэлж буй эдгээр улсын иргэдийг төрөлх эх оронд нь шилүүлэн өгч үлдсэн ялыг нь эдлүүлэх боломжтой болно. 2020 оны эхний улирлын байдлаар дээрх улсуудад Монгол Улсын 3 иргэн АНУ-д, 6 иргэн БНКУ-д, 1 иргэн БНЧУ-д хорих ял эдэлж байгаа бол манай улсын 15 иргэн АНУ-д, 2 иргэн БНЧУ-д гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна. Харин АНУ-ын 1 иргэн Монгол Улсад хорих ял эдэлж байгаа бол тус улсын 1, Канад Улсын 1, БНКУ-ын 1 иргэн Монгол Улсад гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа талаар ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Монгол Улсын 165 иргэн гадаад улс орнуудад хорих ял эдэлж байгаа бөгөөд 108 нь БНХАУ-д байгаа талаар мэдээлсэн. Гэмт хэргийн төрлийн талаар тодруулбал хулгай, хар тамхины хэргээр ял эдэлж байгаа талаарх мэдээллийг өгсөн. Төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 70.9 хувь нь дэмжснээр “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийг батлав. Иймд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хуулийн эцсийн найруулгыг уншиж, танилцууллаа.


Конвенцыг соёрхон батлах тухай хуулийг батлав  
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй