Шууд Chart

Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх журам батлагдав

2020-05-13 14:11:14

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.13) нэгдсэн хуралдаанаар “Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед Байнгын хорооны ажлын хэсгийн саналаар хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхээр тогтсон.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус үндэслэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахаар уг тогтоолын төслийг санаачилжээ.

Засгийн газрын гишүүн томилогдсоноосоо хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөх; тангараг өргөх өдөр, цагийг Ерөнхий сайдын санал болгосныг харгалзан УИХ-ын дарга тогтоох; тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг УИХ-ын Тамгын газар болон Төрийн ёслолын алба хангаж зохион байгуулах зэрэг зохицуулалтыг уг тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг уншиж танилцуулсны дараа Засгийн газрын гишүүн тангарагийг уншиж Төринй сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбааны өмнө баруун өвдөг мэхийн сууж адис аван чуулганы танхимын голд байрлуулсан ширээнд сууж, тангарагийн бичигт гарын үсэг зурна. Засгийн газрын гишүүн тангарагийн бичигт гарын үсэг зурж тангарагийг Монгол УИХ-ын даргад өргөн барьсны дараа Ерөнхий сайд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулна гэж уг журамд заасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлт, журмын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.8 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.


Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх журам батлагдав  
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй