
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.15) нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруудах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулав.
Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолоор малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр 1 кг тутамд 20 000 төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрд олгохоор заасан.
Энэ үндсэн дээр Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тогтоол гаргаж, малчин өрхийн 2019 оны мал тооллогын “А” дансанд үндэслэн 1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор тооцож, нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. 2019 оны эцсийн мал тооллогоор улсын хэмжээнд нийт 70,9 сая толгой мал тоологдсоноос 330 сум, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 29.3 сая ямаа тоологджээ.
Харин Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд зөвхөн “малчин өрх” гэж заасан учраас мал бүхий 60 гаруй мянган этгээд хамаарагдахгүй үлдэхээр байгаа учраас тогтоолд “мал бүхий этгээд”-ийг нэмж хамруулах шаардлага үүссэнийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Ингэснээр уг тогтоолд нийт 203 мянга гаруй малчин өрх, мал бүхий этгээд хамрагдаж, ноолуурын урамшуулал авах юм байна.
Мөн Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад хариулахдаа, ноолуурын урамшуулал 2019 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансанд ямаа тоолуулсан өрх бүрд олгогдоно. Ингэхдээ монгол ямааны дундаж стандартыг хэрэглэж, ямаа тоолуулсан малчин өрх, мал бүхий этгээдэд бүсийн ялгаагүйгээр олгоно гэсэн хариулт өгөв.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 45 нь буюу 83.5 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтээр 2014 онд Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг Улсын Их Хурал батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн байна гэж үзсэнийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэж, тогтоол баталсан.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан дээрх тогтоолын төслийг боловсруулсан талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. Байнгын хороо тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав.
УИХ-ын тогтоолын төслүүдийг дэмжлээ | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.